С.Амарсайхан: Нийслэлийн иргэдийг эрүүл хүнсээр хангахын тулд орон нутгийн байгууллагуудтай хамтарна

Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотын асуудлыг хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй болсон учраас Засгийн газар, яамдтай хамтран ажиллаж, бодлого, зорилт, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай гэдэг байр суурийг  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баримталж буй. Энэ хүрээнд хотын Захирагч өнгөрсөн долоо хоногт Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй салбарын удирдлагуудыг нийслэлийн ЗДТГ-ын байранд хүлээн авч уулзан, “100 мянган айлын орон сууц” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцэж тохирсон билээ. Тэгвэл энэ удаад нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон тус яамны холбогдох газрын дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцоод, зарим чиглэлээр талуудын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Хотын Захирагч “Улаанбаатар хотын хүн амын хүнсний аюулгүй байдал, ханган нийлүүлэлт, хадгалалт, боловсруулалт, түүнтэй холбоотой нийслэлээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газар, ХХААХҮЯ-ны бодлого, шийдвэртэй уялдуулах зайлшгүй шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэд, оршин суугчдыг чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангахын тулд орон нутгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Улаанбаатар хотын баруун, зүүн хоёр талд 21 аймгуудтайгаа холбосон хүнсний хангамжийн томоохон худалдааны түгээлт, нийлүүлэлтийн цэгийг барьж байгуулах саналтай байна. Тиймээс энэ бодлого, шийдвэр, төлөвлөгөөгөө салбарын яамтайгаа хамтарч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна” хэмээн уулзалтын эхэнд онцолсон. Энэ асуудлаар салбарын сайд холбогдох газар, хэлтсийнхээ судалж, саналаа нэгтгэн боловсруулахыг даалгалаа.

Энэ үеэр талууд Улаанбаатар хотод төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах талаар болон нийслэлд махны үнийг тогтворжуулах боломжийн тухай, 2020 оны хаврын мах бэлтгэл, нөөцлөх ажлыг зохион байгуулах асуудлаар харилцан санал солилцлоо. Сонсголонгийн гүүрнээс баруун гар тийш эргэх уулзвар хүртэлх 10 га газарт 20 тонн хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулах зоорь, худалдааны цогцолбор байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Уг төслийн хөрөнгө оруулалтыг хаанаас шийдэхээ хэлэлцэж байгаа бөгөөд төсөл хэрэгжсэнээр төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн худалдаан дахь ченжийн тогтолцоог халах бүрэн бололцоотой, төрийн худалдан авалтыг нэг дороос хийж, баталгаатай эрүүл, аюулгүй хүнсээр нийслэлийн хүн амыг хангах боломжтой гэдгийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун хэллээ.

Ард иргэдээ дөрвөн улирлын турш хүнсний нарийн ногоогоор тасралтгүй хангах зорилгоор ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай  “Тяньжин Фүүдс” компанийн хүлэмжийн аж ахуй эрхлэх төслийн талаар санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болов.

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …