Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнгөрсөн амралтын өдрөөр өөрийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсож, ажлаа тайлагналаа. Тэрбээр, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгаа, сайжруулсан түлшийг хаагуур борлуулж буй, үнэ ханш нь ямар байгаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг цаашид яаж зохицуулах гэж байгаа гээд иргэдээс маш олон асуудлыг тавьж байгааг уулзалтын өмнө хэлж байлаа. Мөн сонгогдсон тойрогтоо хийж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаас онцлон тайлагнасан юм.
Өнгөрсөн хугацаанд тус тойрогт хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн XV хороонд 240 хүүхдийн ортой, 24 цагаар ажилладаг 83 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол XV хороонд 102 дугаар цэцэрлэгийг барьж, ирэх хичээлийн жилээс буюу есдүгээр сарын 1-нээс ажиллахаар болсныг дуулгалаа. Мөн XII, XVI хороодод бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байгаа ажээ. Гэхдээ XVI хороонд барьсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад орхисонгүй, урд талд нь газар чөлөөлж, авто зам, автозогсоол барьж ашиглалтад оруулсан гэлээ. Одоогоор тус талбайд хурд сааруулагч тавих шаардлага байгаа гээд хүүхдийн орчин хамгийн аюулгүй байх ёстой хэмээсэн юм.
Түүнчлэн тус дүүргийн XIV хороонд Түргэн тусламжийн эмнэлгийн барилгын ажил дуусаж буй бөгөөд үүний үр дүнд Чингэлтэй дүүргийн иргэд түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай авах боломж бүрдэж байгааг хэллээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Чингэлтэй дүүрэгт авто замын бүтээн байгуулалт чамлахааргүй өрнөсөн бөгөөд гудамж болгондоо замтай болж байгааг тэрбээр онцолж байв. Тодруулбал, тус XVI хороог Хайлааст Дэнжийн мянгатай холбох замыг 899 сая төгрөгөөр барьж ашиглалтад өгсөн бол Таван буудлаас Дарь-Эх, Баянзүрх дүүрэг рүү нийлэх замыг зургаан тэрбум төгрөгөөр барьж байгаа гэлээ.
Тэгвэл уулзалтад оролцсон иргэдийн зүгээс нэлээдгүй саналуудыг хэлж, уламжилсан. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах санаачилгыг дэмжиж байгаа ч хэрэглээнд нэвтрүүлж буй шахмал түлшний талаар сэтгэл дундуур байгаагаа хэлсэн. Учир нь шахмал түлш илч муутайгаас гадна, 5000 төгрөгөөр борлуулж байгаад бухимдаж байлаа. Мөн дулаан цагт халаахгүй байгаа түлшийг эд өвлийн хүйтэнд хэрхэх талаараа санаа зовниж байна гэлээ.
Мөн энэ үеэр газрын асуудал, тэр дундаа нэг хүнээс нөгөөд газраа шилжүүлэхэд тогтоосон татвар өндөр болсныг шүүмжилсэн. Түүнчлэн хогийн цэг байхгүйгээс иргэд хогоо гудамж талбайд хаях асуудал гарч байгааг дуулгасан юм. Тэгвэл ахмадуудын зүгээс амралтад амрах хугацааг 10 хоног байсныг долоо болгон өөрчилсөнд шүүмжлэлтэй хандсан бол ахмадын орон сууцанд хамрагдах талаар мэдээлэл хомс, хүртээмж муу байгааг хэлж байсан юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ