Сүүлийн жилүүдэд Монголын кино урлагт шинэ шинэ бүтээлүүд шил даран гарч байгаа ч чанартай уран бүтээл өдрийн од шиг цөөн байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймдээ ч кино үзэх хүсэл багасаж, тоотой хэдэн үнэлэгдсэн найруулагчдын бүтээлийг л хааяа үздэг болсноо нуух юун. Ардчилсан хувьсгалаас хойш Монголын кино урлаг “орхигдсон” гэсэн тодотголтой явдаг хэдий ч өдийг хүртэлх 20 гаруй жилийн замналдаа бас ч гэж цөөн хэдэн сайн уран бүтээлчдийн түүчээ тасралтгүй хөгжсөөр ирсэн гэж би хувьдаа боддог. Тэрхүү кино урлагийн хөгжлийн түүчээ болсон уран бүтээлчдийн нэг залуу найруулагч Дэмбэрэлийн Отгонсүрэнтэй тун удахгүй нээлтээ хийх гэж буй “7-р тусгай тасаг” киноных нь талаар ярилцсанаа уншигчидтайгаа хуваалцъя. Энэхүү киноны гол дүрд Ардын жүжигчин Гомбын Мягмарнаран, Ардын жүжигчин Гомбын Равдан, Гавьяат жүжигчин Ендонгийн Цог, Гавьяат жүжигчин Далхсүрэнгийн Гүрсэд, Соёлын тэргүүний ажилтан Даваагийн Сүхбаатар нарын ахмад уран бүтээлчид тоглосон нь өөрийн эрхгүй сонирхол татаж, энэхүү киноны найруулагчийг “олзолсон” юм.
-Сүүлийн өдрүүдэд “7-р тусгай тасаг” нэртэй шинэ киноны тухай их сонслоо л доо. Постер рекламуудыг нь харахад чансаа ханхалсан уран бүтээл бололтой. Найруулагчаар нь Д.Отгонсүрэн гэж залуу найруулагч ажиллажээ. Миний хувьд лав сонсоогүй нэр байна. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Дэмбэрэлийн Отгонсүрэн гэдэг. “Мюзик холл” театр, кино, хөгжмийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Телевизийн уралдаант цэнгээнт нэвтрүүлэг олон жил хийсэн дээ. 2004-2006 онуудад “Шинэ байр” нэвтрүүлгийг найруулагчаар ажиллаж эхэлсэн болоод тэрүү, энэ төрөл их ойрхон байдаг юм.
“Онч мэргэн” продакшинаа байгуулсныхаа дараа сүүлийн жилүүдэд кино урлаг руу орж ажиллаж байна. “Анчид” гэж инээдмийн төрлийн кино хийлээ. Үйл явдлын инээдэм тал руугаа барьж хийхийг хичээсэн кино л доо. Жүжигчний тоглолтыг хэтрүүлэлгүй, өгөгдсөн нөхцөл үйл явдал нь инээд хүргэм байх талаас нь зохиолоо бичсэн. Жүжигчин С.Болд-Эрдэнийг тоглуулахаар санал тавихад “Би чинь инээдмийн жүжигт тоглож байснаас биш инээдмийн кинонд тоглож үзээгүй” гэж их л болгоомжилж, зохиолоо уншиж үзсэнийхээ дараа “Энэ арай өөр инээдмийн төрөл юмаа, болох юм байна” гээд тоглосон.Одоогоор дараагийн уран бүтээл болох “7-р тусгай тасаг” киноныхоо ажлыг бүрэн дуусаад байна.
-“7-р тусгай тасаг” киноныхоо зохиолыг та өөрөө бичсэн гэсэн үү?
-Манай “Онч мэргэн” продакшинд надтай хамт ангийн найз Нэргүйн Батнасан, “Шинэ байр” нэвтрүүлгээс эхлэн хамт ажилласан жүжигчин Намсрайн Ялалт, найруулагч Дамбын Баярсайхан гээд хүмүүс хамт ажиладаг. Хамтдаа сууж байгаад л уран бүтээлээ ярина шүү дээ. Багийнхан маань зохиолыг чи гардан бич гэсэн үүрэг өгөөд ажилдаа орсон.
Үзэгчдийг анзаараад л байхад өнөө цагийн киноны үзэгчдийн 70 хувь нь 15-25 насныхан байна. Энэ насныхан ахмад жүжигчдийг байтугай “Камертон”,“Номинталст”-ын дууг сонсоод ямар хамтлаг гэдгийг мэдэхгүй байгаа.
-Тэгээд яагаад жүжигчдээ дан ахмадуудаар бүрдүүлэв. Бүр танихгүй юм биш үү ?
-Монгол киноны хөгжлийн 80-аад жилийн түүхэнд эхнээсээ дуустал гол дүрүүдэд ахмад жүжигчид хамтдаа тоглосон кино тун цөөхөн байдаг. 1969 онд Гомбожавын Жигжидсүрэн найруулагчийн найруулсан “Анхны алхам” киноны гол дүрийн Мядагт арга туршлагаасаа харамгүй хуваалцаж байгаа өвгөчүүлийн дүрүүд гардаг. 1993 онд Найдангийн Ганхуяг найруулагчийн “Мичидийн 6 гялаан” кинонд Гомбосүрэн гуай, Пүрвээ гуай гээд мундаг жүжигчид амьд ахуйдаа гол дүрд нь хамтдаа тоглосон байдаг. Ахмадууд гол дүрд, тэгээд бүр багаараа тоглосон нь их цөөн байгаа биз?Тэгэхээр бид одоо үеийн ахмад жүжигчдийг амьд сэрүүнд нь урьж авчран кинондоо эхнээсээ дуустал нь тоглуулбал хүмүүст үзүүштэй, үлдэцтэй уран бүтээл болох нь гэдэг дээр санал нийлсэн.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу