Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 24-нд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүсийн хамт Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа. Ямартай ч авто замын ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байгаа гэдгийг албаны хүмүүс Хотын захирагчид танилцууллаа.
Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын ажлыг гүйцэтгэж байгаа үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай Хотын Захирагч уулзан, ажил явуулахад тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж, яаралтай шийдэхийг холбогдох албаны хүмүүст даалгасан юм. Түүнчлэн авто замын ажлыг чанартай, олон улсын стандартад нийцүүлэн төлөвлөсөн хугацааны дагуу хийж гүйцэтгэх, дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан цаашид хоёр ээлжээр ажиллах, орон нутгийн эрхэлсэн ажилгүй иргэдийг замын ажилд оролцуулах шаардлагатай гэдгийг хэлсэн юм.