Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 23-25-нд Архангай аймгийн Цэцэрлэгт боллоо. Эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тэмцээнийг Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар, “Арж” грүпп, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулжээ. Нийтдээ 265 тамирчин өрсөлдсөн байна.
Залуучуудын УАШТ-ий эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб тэргүүлж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг, “Хонгор нутаг” дэвжээ удаалж, ОУХМ Д.Гомбодорж дасгалжуулагчтай “Хангай хүчтэн” клуб гуравдугаар байрт оржээ. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, М.Мөнхбат дасгалжуулагчтай “Женко” клуб, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб эхний гурван байрыг эзэлсэн байна.