Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд болон НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ, ТЦА, нийслэлийн Хүүхдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийлээ. Зургадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний талаар болон маргааш болох “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ийг тохиолдуулан “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буй тухайгаа нийслэлийн холбогдох газрууд танилцуулав.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Лхагва гарагийг нийслэлийн “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ийг угтан нийслэлийн есөн дүүрэгт Хүүхдийн чуулган зохион байгуулж, хүүхдүүдийн дэвшүүлсэн саналуудыг эцэг, эхчүүд болон багш нар, шийдвэр гаргагчдад хүргэхээр ажиллаж байгаа. Үүний зэрэгцээ хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд эцэг, эхчүүдийн анхаарал, хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ хамгаалж, хөгжүүлж байх үүрэгтэй. Хүүхдийн баяраар бид бэлэг өгөхдөө ч хор биш хоол болох, хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгож байхыг уриалъя. Ер нь хүүхдийн эрхийг хамгаална, хүүхдээ сонсоно, хүүхдийг хөгжүүлэх гэдэг бол зөвхөн нэг өдөр яриад өнгөрөх асуудал биш учраас жилийн 365 өдөр байнга анхааралдаа байлгах учиртай сэдэв юм” хэмээн мэдээллийн эхэнд онцолсон.
Зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах баярын нэгдсэн арга хэмжээг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд бэлтгэж байгаа бөгөөд Хүүхэлдэйн театрын найруулагч Алтантуяагийн удирдлагад 1500 орчим хүүхэд багачууд, мэргэжлийн уран бүтээлчид бэлтгэлээ базааж буйг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэллээ. Өнгөрсөн жилийн Хүүхдийн баяраар 60 гаруй хүүхэд гэр бүлийнхнээсээ төөрч, багагүй эрэл сурал болсон тул энэ удаад эцэг, эхчүүд хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа илүү сайжруулж, аюулгүй байдлыг сайтар хангахыг нийслэлийн Цагдаагийн газрынхан анхааруулав. “Ялангуяа энэ зургадугаар сарын 1-ний өдөр агаарын хэм 22 градус байх тул эцэг, эхчүүд гол ус руу салхинд гарахаар болбол хүүхэд багачууддаа байнгын хараа хяналт тавьж, усанд осолдохоос сэргийлээрэй” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжүүллээ.
Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаныхан Зургадугаар сарын 1-ний баярыг автомашингүй өдөр болгон тэмдэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлэх, эсвэл дугуй унах зэргээр жинхэнэ утгаар нь гэр бүлийн баяр болгож өнгөрүүлэхийг уриалсан юм. Зайлшгүй тээврийн хэрэгслээ унах шаардлагатай бол 0-10 хүртэлх насны багачуудаа зориулалтын суудалд суулгах, хурдаа ердийн үеийнхээс 10-20 км/цагаар бууруулж, хүүхэд багачуудаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулав. Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газраас Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон газруудад эмнэлгийн яаралтай тусламжийн баг ажиллуулах юм байна. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан Хүүхдийн баяраар хүн олноор цугласан газруудад худалдаа, үйлчилгээ эрхлэх газруудад хяналт шалгалт хийх, хүнсний бүтээгдэхүүний чанар, тоглоомуудын аюулгүй байдлыг хангах ажлыг есөн дүүрэгт эхлүүлсэн гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.