Эрүүл мэндэд тустай гэх тодотголтой “Хар зайрмаг”-т “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн гурван тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үүрэг, чиглэл өгсөн бөгөөд татан авалт хийсний дараа устгалд оруулах аж.
Нянгийн бохирдолтой холбогдуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ариун цэврийн нөхцлийг сайжруулах, түүхий эдийн сонголтод анхаарах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөөд байна.
Үүнтэй холбогдуулан импортоор оруулж ирж буй зайрмагт хяналт тандалт хийхэд эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийн шаардлагыг хангаж байгаа дүнтэй гарчээ.
Тухайн хүнсний нэмэлттэй зайрмагыг гурван компани импортолдог бөгөөд энэ онд хоёр тонн импортлогджээ. Энэ төрлийн зайрмагийн орцонд ордог хүнсний нэмэлт /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул “Хүнсний тухай” хуулийн 16.1-д заасны дагуу Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл хугацаагаар импортыг түр хязгаарлаад байна.