Үүрэн телефоны гегантуудын нэг, басхүү хүнд суртал, болхи байдлаараа олны дургүйцлыг хүргэх болоод нэлээд удсан “Мобиком” корпораци өнөө цагт хэрэглэгчдийнхээ эрх ашгийг зөрчин, ард түмний мөнгийг луйвардаж байгаагаараа нийгэмд нэлээд шуугиан тарих боллоо.
Учир нь тэд сая гаруй хэрэглэгчийнхээ итгэл найдварыг алдаж, аргыг нь барах болсоор нэгэнт хэвшил болжээ. Тухайлбал “Мобиком” хэрэглэгчдээ шулж, уран бүтээлчдийн оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашигласан тухай хүн бүр л мэдэх болсон. Тэдний энэ шударга бус үйлдэлтэй тэмцэхээр уран бүтээлчид ч эхнээсээ нэгдэж эхэлж байна.
Тэдгээрийн нэг нь МУГЖ С.Жавхлан юм.
Тодруулбал тус компани С.Жавхлангийн уран бүтээлийг зарж 300 сая төгрөгийн ашиг олсон нь тогтоогдсон. Ингэж ашиг олж байхдаа “Монголын бүх хөгжмийн зохиолч, яруу найрагчдын эрхийг хамгаалах холбоо”-нд жилд 10 сая төгрөг өгдөг байжээ. Ингээд гавьяатыг тэмцээд эхлэхээр янз бүрийн хуурамч гэрээ байгуулах санал тавьж байсан гэдгийг С.Жавхлан хэлж байсан юм. Хуурамч гэрээ “шахах” заль мэх нь бүтэхгүй болохоор “Монгол контент” гэх охин компанийхаа нэрийг барьж, тус компани руу бүх луйвраа чихэж байгаа талаар өмгөөлөгч Ц.Монгол хэлсэн юм.
Тиймээс тэдний энэ увайгүй үйлдлийг тэвчиж чадахгүй хэмээсэн С.Жавхлан тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн тэрбээр “Мобиком”-ыг гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж сонссон. Гадаад хүн яаж Монголчуудыг хайрлах билээ. Ашиглаад хаяхаа л бодно. Ийм компаниуд ядуу буурай оронд шургалж орж ирчихээд бүх ард түмнийг шулж өвдөг дээр нь сөхрүүлдэг. Олон нийт мэдээд ирэхээр хуурамч дампуурлаа зарлаж хэдэн антеннуудаа хаяад гараад явчихдаг шүү дээ” гэв. Ямартай ч уран бүтээлчийн хэлж буй зүйл бүгд бодит үнэн гэдгийг “Мобиком” ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.
Тиймээс уран бүтээлчид Оюуны өмчийг мөлжигч “Мобиком”-той шүүхдэлцэхээр боллоо.
Мобиком ажил хэрэгч хүмүүсийг залхаахад хүрч байна
Хамгийн ихээр хэрэглэгчдийг залхаахад хүрээд байгаа үүрэн телефоноор бас л “Мобиком” шалгарчээ. Учир нь тэд элдэв урамшууллаар хэрэглэгчдийн тархийг угааж эхлээд нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа.
Гэтэл одоо бүр улам улангасан хүмүүсийн ид ажлын цагаар илгээдэг “этгээд” мессежүүдээрээ хэрэглэгчдийг залхааж эхлэх боллоо. Өөрөөр хэлбэл ажил дөнгөж эхлэх өглөөний хурлын үеэр “Мобиком” хэрэглэдэг хүмүүсийн гар утас энд тэнд хангинаж дарга нарын уурыг хүргэдэг. Бухимдсан даргынх нь утас ч мөн дуугарах бөгөөд хальт харангаа “Өө, бас л моби юу” гээд утсаа шүүрч аван салгадаг гэх мэт явдлууд өдөр болгон гардаг нь жирийн үзэгдэл болж байна.
“Мобиком” явцгүй болсныг тус компанийн захирал асан Д.Болор нотолсон
Тус компанийн зүгээс хүмүүст үзүүлж буй урамшуулал нь 2500 төгрөгийн үнэтэй картаар утсаа цэнэглэхэд нэмэгдэж ордог 150 төгрөг л байна. Гэтэл бусад үүрэн телефоны компаниудын тариф хамаагүй хямд хэрнээ урамшуулал, бонус нь олон. Харин “Мобиком” 150 нэгжээ 300 болгодог нь ийм том компанийн хувьд гутамшиг гэж хэлэхээс өөр юу гэх вэ.
Тус компанийн тухайд Монголын үүрэн телефоны салбарт анхдагч болсон учраас хүн бүр сонирхож, тэдний сүлжээг сонгосон. Ийм утгаараа олон жил барьсан дугаараа солихгүй байхыг хичээдэг олон зуун мянган хэрэглэгч бий. Гэхдээ өдгөө анхдагчийн байр суурь тийм ч хүчтэй биш. Бусад сүлжээний өрсөлдөх арга “монополь”-иос арай өөр, уян хатан. “Мобиком”-ыг явцгүй болсон гэдгийг тус компанийн захирал асан Д.Болор ч нотлоод өгсөн. Тиймээс хэрэглэгчид тус компаниас татгалзах эсэхээ шийдэх цаг иржээ.
Түүнчлэн “Мобиком”-ын нэг үйлчилгээ хүмүүсийн уурыг багагүй хүргэдэг. Энэ нь төрсөн өдрийн урамшууллын 30 минутын ярианы эрх. Учир нь энэ эрх тухайн өдрийнхөө эхлэлтэй зэрэгцэн хэрэгжиж эхлэх нь тун ховор. Зарим хүн бараг хэрүүл хийж байж үдээс хойш, эсвэл орой үдэш л 30 минутын эрхээ эдэлдэг. Зүй нь “Мобиком”-ын дугаарыг авсан л бол тухайн хүнд энэ эрх нээгдэх учиртай. Гэтэл эрхийнхээ дагуу урамшуулал авах эрхтэй хүмүүс биз дээ.
Бид зүгээр л шударга шулуулъя
Хэрэглэгчид “Мобиком”-оос мөнгөөрөө нэгж худалдаж авчихаад ах дүү, хамаатан, найз нөхөддөө өгөхөөр давхар нэгж унадаг. Үүнийгээ харин нөхдүүд “Бид та нарт үйлчилгээ үзүүлсэн болохоор тодорхой хувиа бодож авч байна” хэмээн хариулдаг. Гэтэл тэд биднээс үйлчилгээ үзүүлсний хүү гэж авч байгаа мөртлөө бидний 10 тэрбум төгрөгийг ямар ч хүүгүйгээр хаанаа хэрэглж байдаг нь нууц . Мөн “Card plus” гэх үйлчилгээг 15 мянган төгрөгөөр сарын турш сүлжээндээ үнэ төлбөргүй ярих эрхтэй гэдэг ч 20 эсвэл 25 хоноод л эрх нь дуусчихдаг.
Тус компани өдгөө Монгол улсын нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт олон салбар нэгжтэй. Өөрөөр хэлбэл “Мобиком”-ын гэрээт борлуулагч гэсэн тодотголтой дэлгүүр, “ТҮЦ”-үүд байдаг. Бид тэдгээр гэрээт борлуулагчдаас нэгж худалдаж авч, тэд бидэнд зардаг.
“Мобиком”-ын гэрээт борлуулагч гэхээр л овоо хэдэн төгрөгний ашигтай ажилладаг мэт худалдан авагчид санадаг. Гэвч “Мобиком”-ын зүгээс хөөрхий тэдгээр бизнес хийж амжиргаагаа дээшлүүлэх гэж байгаа хүмүүст ашиг гэх зүйл өгдөггүй юм байна.
Тэд гэрээт борлуулагчдаар дамжуулж хэдэн тэрбумаар нь ашиг олж байна. Гэтэл “Мобиком”-ын гэрээт борлуулагчид яаж ч гүрийгээд тэдний олдог ашгийг олно гэвэл том эндүүрэл. Тэд 100000 мянган төгрөгний нэгж авлаа гэхэд 3000 төгрөг л “Мобиком”-оос авдаг гэсэн үг. Энэ бол үнэхээр инээдтэй зүйл.
Бас болоогүй ээ хэдэн төгрөг олчих санаатай очсон гэрээт борлуулагчтай их л сонин гэрээний болзол хийдэг гэж байгаа юм.
Тухайлбал зарагдахгүй байгаа үхмэл дугааруудаа өнөөх гэрээт гэх борлуулагч нартаа шахах арга. Хэрвээ тэдний гэрээт борлуулагч болсон л бол заавал үгүй 5-10 ширхэг шинэ дугаар авч зарах ёстой гэнэ.
Товчхондоо хэдэн тооны цуглуулга болсон “комисс”-ын гэх үнэ цэнэ муутай дугаарыг тэдэнд хүчээр шахам шахдаг явдал. Ингэж л хөөрхий мөнгө олох гэсэн зорилготой гэрээт борлуулагчид тэдний зарагдахгүй байгаа дугаарыг худалдан авч өөрсдийнхөө мөнгийг он удаан жил түгждэг юм билээ. Бидний нүдэн дээр явагдаж байгаа бодит үнэн бол ердөө энэ.
Гэтэл бидний оруулж буй тэр их мөнгө чухам юунд зарлагдаж, юунд хэрэглээд байна вэ гэдэг нь асуултын тэмдэг. Тиймээс л бид “Мобиком”-оос татгалзах олон шалтгаан бий болоод байгаагийн нэгхэн хэсэг дээрх үйл явдлууд.
Хэдийгээр “Мобиком”-ын гадаад эздүүд олон хүнийг хоолтой нь залгуулж байгаа гэх боловч тэдний олдог ганц өдрийн ашиг нь хэдэн зуун сая төгрөгөөр тоологдох их хэмжээний ашиг гэдгийг мартах хэрэггүй болов уу.
Р.Саруул