Шулам \өгүүллэг\

48504266Бяцхан охин төрөх үедээ уйлсангүй. Хонгыг нь хоростол алгадах эмгэнийг сониучирхан харна. Хоёр нүдээ тормолзуулан хорвоо дэлхий хэрхэн гэрэлтэхийг ширтэнэ. Эхийнхээ энгэрт наалдан, ялдам үнэрт нь зүүрмэглэж ахуйд хахир дуу хаалганаас чарлан үрчлээнд дарагдсан эмгэн орж ирлээ. Эмгэний хамар хадуур мэт махийн ам уруугаа орох нь уу? гэлтэй харагдана. Бяцхан охин өөрийн мэдэлгүй инээж гарлаа. Хамаг бие нь чичигнэн аз жаргал биер нь гүйх мэдрэгдэнэ.Эмгэн шулам дэлхий мэт том хамрынхаа араас нярайг цоо ширтэнэ. Охин ход ход хийн инээсээр гараа сунган эмгэн шуламны таягнаас атган авав. Таяг охины чихэнд нэрийг нь шивнэлээ.

Долоон насных нь төрсөн өдрийн орой охины өрөөнд эмгэн шулам орж ирэв. Эцэг эх өрөөний гаднаас загас мэт бүлтэлзэнэ. Охин орон дээрээ цомцойн суун эмгэн шуламыг ажна. Эмгэн шулам дөхөж ирэн гараа сунгав. Охин эцэг эх уруугаа асуух мэт харлаа. Эцэг эх нь наашаа харж инээн, цаашаа харж уйлахыг охин мэдсэнгүй. Толгой дотор нь хачирхалтай дуу хоолой цуурайтана. Чи хэн бэ? Шулам, чи өөрөө хэн бэ? Сэцэн. Тэгвэл би Сэцэн шулам хэмээн хачирхалтай хоолой хөхрөв. Эмгэн шуламын харц охины сэтгэлийг тархинаас нь ухаж гаргах мэт. Сэцэн эмгэн шуламын махир хамар, үрчлээт нүүрийг харах бүрийд гуравдагч дуу хоолой шулам болох ч тийм сайхан зүйл бишдээ хэмээн шивнэнэ. Эмгэн шулам мойног хуруунуудаа дэлгэн, үл ялиг салганах гараа сарвайв. Гуравдагч хоолой дагаж явбал чи шулам болно шүү дээ. Шулам болчихвол хүн болгон чамаас айн, хэн ч чамтай байхыг хүсэхгүй насны эцэст ганцаар хоцорно шүү дээ! хэмээн уйлагнах бол хоёрдагч хоолой гэвч би хорвоо дэлхийг үзэн, ертөнцийг бодит өнгөөр нь харах болно шүү дээ!? хэмээн нүдээ ирмэв. Сэцэн орноосоо үсрэн, шуламын гараас хөтлөн шөнийн харанхуйд уусан алга боллоо.

Эмгэн болж амжаагүй шулам гуниглан сууна. Голын ус хоржоонтой  урсана. Гуравдагч хоолой аяа, чи хичнээн үзэсгэлэнтэй хэмээн дуулж бүжнэ. Хоёрдагч хоолой санаа алдан, өнчин тархиар нь зугаална. Сэцэн тэр хоёрыг үл тоон араас нэхэгчидийг ажив. Ангуучид хором, хормоор дөхөх агаад газар дэлхий цэцэн шуламаа хамгаалах гэсэндээ үл ялиг чичирнэ. Сүүдэрт нь эрхлэх өнчин мод навчисаа сэрчигнүүлнэ. Залуухан шулам Сэцэн маань шовх малгайгаа засан гол уруу харайн орлоо. Эмгэн шулам Сэцэнд мэддэг чаддаг бүхнээ зааж өгсөн тул нутаг буцжээ. Зүүн чих нь дүнгэнэн элдэц нууц задлах мэт. Тэгэвч хорвоогийн жамыг мэдэх шулам үл үзэгдэх хэдгэнийг харах тул хөөн явууллаа. Залуу шулам нэгэнт бие даах болжээ. Арван зургаан настай шулам хорвоод тийм олон бус ч арван тавтай шидтэнүүдээс олон аж.

Залуухан шуламд хийх зүйлээсээ илүүтэй зугтах шаардлага их гарна. Хот болгон ангуучаар дүүрч, хүн болгон шуламыг үзэн ядах болжээ. Сүр хүчээ алдсан лам нарын гай, сүм нь нурж унахаас айсан номлогч нарын мэх, арга нь барагдсан эрх мэдэлтнүүдийн урхи болсон шулам ангууч аргыг хаан хатан бодож олжээ. Хорвоо дэлхийгээс арчих андгай тангараг өргөжээ. Шулам болж чадаагүйдээ хорсох хатан эхийн сэтгэлийг эмгэн шуламнууд л ойлгоно. Ойлгох тул уурлахгүй. Аргагүй дээ хэмээн шогшроно.

Туршлага сууж амжаагүй шулам маань баригдчихаж. Замын голд атын хэвтэх хүнд туслах гэсэн бус урхинд орчихов. Шовх малгай нь салхинд гулдайн толгой дохих мэт. Хөлийг нь ороох төмөр гинж могой мэт хүйтэн. Ангуучид түүдэгийн дэргэд суун, элдэвийг хүүрнэнэ. Үлгэр хэлцэн, оньсого таалцана. Түүдэг бөхөж, зүүд нойр гэтэх үест ангуучид амрахаар хэвтэцгээлээ. Хөөе наад шуламаа алдаад явуулчихав аа! сайн хүлээрэй хэмээн хэн нэг нь хашгирав. Шуламд зугтах бодол ч орж ирээгүй байсан тул гомдмоор санагдав. Гомдсондоо ган хүлээсийг тас татан уул, ус даван зугтмаар санагдсан ч биеэ барив. Одоо зугтлаа гээд ахиад л зугтана. Хаан эзэнд бараалхан хамаг учрыг нь сонсож, хатан эхтэй нүүрэлдэн өр зүрхийн хайлуулахаар Сэцэн шулам маань шийджээ. Эмгэн шулам байсан бол гэнэн байна даа хэмээн толгой сэгсрэн, шогшрох байсан буй за.

Шулам Сэцэнийг шүүх хурал болж өндөрлөв. Үгийг нь ч сонссонгүй. Хараал хийнэ хэмээн айгаад амыг таглажээ. Ард иргэдэд аюул учруулсан хэргээр эхлээд живүүлж дараа нь шатаахаар шийтгэх. Хэн нэгэн нь нойтон шулам шатдаггүй юм гэж хааны чихэнд шивнэсэн тул хагассайнд шатаан, бүтэнсайнд живүүлэхээр шийдэв. Шивнээх нөхөр ахиж ам нээх гэсэн хааны ширүүн харцтай тулгаран хэлээ хазаж орхижээ. Маргааш нь хэлээ хазсан нөхөр төрийн эсрэг гэмтэн болон эхлээд цаазлуулаад маргааш нь дүүжлүүлэхээр шийтгүүлэв.

Төв талбайд түмэн олон цуглажээ. Шуламыг дарах гарамгай баярт хөл хөөртэйгөөр цуглажээ. Сэцэнг өндөр шонд хүлэн, өргөн тавцанд залав. Хаан эзэн найтаасанаар их галыг өрдлөө.  Шуламын сурах хамгийн эхний эрдэм боловоос хорвоог бодит өнгөөр харах явдал ажээ. Бодит өнгөнд харсан зүйлсээс гадна хараагүй зүйлс ордог байна. Сэцэн өөрийгөө аажуухан аажуухнаар хараагүй зүйлсд хувиргав. Ард олны өмнө галын дөлд уусан уусан алга боллоо. Цугласан олон уухай хашгиралдан баясав. Сэмээр гэтсээр Сэцэн шулам олон дунд уусан амар тайван хотоос гарч өөрийн ой төглөө эрэхээр аян замдаа гарав.

Он цагийн уртад Сэцэн шулам эмгэн шулам болов. Үс нь бууралтан, нуруу нь бөгтийн, хамар нь унжиж эхлэв. Бороо цонх тогшин, дотогш орохыг эелдэгээр гуйна. Эмгэн шулам цай нүдэж шархадсан гөрөөсийг эмчлэхийг хичээнэ. Тэгэвч сум хэтэрхий хүн оржээ. Хөөрхий гөрөөс эцсийн удаа гэсэн шиг гүнээ амьсгалан одлоо. Эмгэн шулам зуу гаруй наслахдаа олон зүйл үзсэн боловч тэсгэлгүй нулимс дуслуусна. Хоёрдагч хоолой хүмүүс шинэ зэвсэг бодож олсоор л байна. Би лав ийм шарх өмнө нь харж байгаагүйдэг. Гуравдагч хоолой зэвсэгтээ бус хүндээ байгаа юм биш үү? Хүмүүс улам харгис болоод байна! Эмгэн шулам илүү дуу хоолойнуудаа хаан орон дээрээ атрилдан хэвтэв. Эмгэн шулам эргээд нялх болчихоод эхийнхээ энгэрт наалдан, ангир уурагаас нь шимнэ. Аав нь баргил хоолойгоороо бүүвэйн дуу аялан үнэгчлэх вий гэсэндээ гарын ураа гарган модон үнэг сийлнэ.

Ганцаардсан эмгэн шулам хэрэгт дуртай нарны туяанд ээгдсээр сэрлээ. Тал тольны өмнө очин хар даашинзаа засан, шовх малгайгаа тавин өөрийгөө ажив. Тэр тэгэн өдөр өөрийг нь авж явсан тэр л нэгэн эмгэн шулам шиг эмгэн шулам болон өтөлжээ. Эмгэн шулам таягаа тулсаар гэрээс гарав.  Хос хун өрх дээгүүр нь эргэлдэн, гангар гунгар хийнэ. Эмгэн шулам хос хунг дагасаар нэгэн айлын үүдэнд ирэв. Үүдийг нь тогших гэтэл хаалга түүнээс зугтах мэт чихарсаар онгойлоо. Эд юмс хүртэл эмгэн шуламыг уурлуулж болохгүй гэдгийг цаг хугацаа мэдрүүлж өгчээ. Эмгэн шулам жуумалзсаар хүүхдийн уйлах дууг дагав. Бяцхан үр эхийнхээ энгэрт зүүрмэглэнэ. Эмгэн шуламыг орох төдийд хувь тавилан дуудах мэт нүдээ нээн гэнэн хонгор нүдээр эмгэн шуламыг ажив. Эмгэн шулам модон үнэгээ хүзүүнд нь зүүж өгөөд гарч одлоо. Хорвоо дэлхийд эмгэн шулам хэрэггүй болсон хэмээн үгэлсээр шөнийн харанхуйд уусан алга болов.

Хапер

Ugluu-logo1714

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …