Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс өчигдөр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллалаа.
Эхлээд “Багануур” хувьцаат компанийн удирдлагууд, ажилчидтай уулзав. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Сүүлийн гурван жил ашигтай ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Газраа буюу ордынхоо лицензийг алдсан асуудлаар шүүхэд хандаж, төр ордоо эргүүлж авсан. Одоо лицензээ “Багануур” ХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна” гэдгээ Ерөнхий сайдад уламжиллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Багануурын уурхай бол улсын гал голомт болсон газар. Бид өнөөдөр танай уурхайд ажиллаж байгаа нь өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс базааж бэлтгэх ёстойг сануулж байгаа хэрэг. Багануурын уурхай лицензийн асуудлыг Д.Сумъяабазар сайд шийдэж өгөөрэй” гэв. Мөн сахилга бат, дэг журам тогтоож, үрэлгэн зардлаа танаж, үр дүнтэй үйл ажиллагаагаа дээшлүүлж ажиллах ёстойг анхааруулсан юм. Дараагаар нь Ерөнхий сайд болон бусад албаны удирдлагууд “Багануур” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцав.
Багануур дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын эхэнд тус дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүргийн талаарх товч танилцуулга мэдээллийг хийсэн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад хандан “Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журмыг чандлан сахин, эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг хүслээ. Мөн “Төсвийн үргүй зардал гаргахгүй, шаардлагагүй зүйлд хөрөнгө, мөнгө зарахгүйгээр татвар төлөгчдийн мөнгийг үнэ цэнтэй зарцуулдаг байх ёстой. Төрийн албан хаагчийн нэрийг барьж элдэв ёс зүйгүй үйлдэл гаргадаг байдал их болсон энэ үед дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүтээлч, ёс суртахуунтай байж иргэдээ дээдлэн ажиллаарай. Төрийн алба бол бүхэлдээ үйлчилгээний байгууллага шүү” гэдгийг онцолж хэлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Бүх төрийн албан хаагчид шат шатандаа хариуцсан дүүрэг, хороондоо очиж, иргэндээ хүрч үйлчилж ажиллах шаардлагатай байна. Өрөөндөө суугаад, бичиг цаас бие биен рүүгээ шидээд улс орон, нийслэл дүүргийн ажил, амьдралд ахиц гарахгүй. Бидний төлөвлөн боловсруулж гаргасан ажлууд амьдрал дээр ямар шатанд хэрэгжиж байгааг нөхцөл байдал дээр нь үзэж танилцах, ам ажил хоёрын зөрүүг арилгахыг хүсье. Төрийн албан хаагчид та бүхэн бол төр, иргэн хоёрыг холбосон гүүр гэдгээ санаж хариуцлагатай, санаачлагатай, үр дүнтэй ажиллаарай” хэмээлээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагуудаас дүүргийн төрийн албан хаагчид зарим зүйлийг асууж, тодруулан нээлттэй санал, сэтгэгдлээ хэлсэн юм.
Үүний дараагаар Ерөнхий сайд албаны хүмүүсийн хамтаар тус дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль, 139 дүгээр Цэцэрлэг болон Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан, ажилтан, албан хаагчидтай уулзаж, тэдний ажлын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжийг нийслэлийн төсвийн хүрээнд шийдвэрлэж өгөхөөр болсон бол сургууль цэцэрлэгийн засвар үйлчилгээ, өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэх чиглэлд анхааран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс одоо дүүргийн иргэдтэй Соёлын ордонд уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож байна.