Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 109 ажлын хэсэг ажилласнаас 51 ажлын хэсэг үүрэг болгосон ажлаа дуусгаж, одоогоор 58 ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар 52 ажлын хэсэг, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 6 ажлын хэсэг ажиллаж байгаа ажээ.
Монгол Улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 72 жилийн ойг хэдхэн өдрийн өмнө тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү түүхэн ойг манай салбарын хамт олон газрын гүнээс ориглон гарах газрын тос адил өөдөө тэмүүлсэн амжилтаар угтсан гэдгийг онцолмоор байна. Газрын тосны салбарын ойн баяртай зэрэгцэн энэ салбарт нэгэн томоохон үйл явдал болсон нь эх орны минь газрын тос “MGL-93” бэлэн бүтээгдэхүүн болон монголын хэрэглэгчдэд очсон явдал юм. Гэвч энэхүү шатахууны талаар /үнэ өндөр, чанар муу/ таашаа мэдээлэл гарах болсон. Тиймээс энэ талаар товч тайлбар өгье. Монгол Улсад олборлон экспортлогдож буй газрын тосны үнэ Сингапурын хөрөнгийн бирж дээр “Дачин-33” нэрээр борлогддог. Манай газрын тосны үнэнд суурилан “MGL-93” шатахууны үнэ тогтоогдож байгаа. /Олон улсын жишгээр Түүхий газрын тосны биржийн үнээс бүтээгдэхүүний үнийг тооцдог/. Шатахууны чанарын тухайд БНХАУ-ын Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэр нь сүүлийн үеийн техникээр тоноглогдсон, орчин үеийн технологи бүхий үйлдвэр. Тиймээс “MGL-93” автобензин нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүн юм. “MGL-93” автобензин нь манай холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа. Олон улсын жишгээр бол евро-2 стандартын бүтээгдэхүүн. Хойд хөршөөс авч байгаа бүтээгдэхүүн болон манай стандартын үзүүлэлттэй харьцуулахад октаны агууламж нь 1.5 нэгжээр илүү байгаа нь дутуу шаталтаас үүсэх хорт хийг бага ялгаруулна. Мөн давирхай, хар тугалганы агууламж ч евро-2 стандартад зааснаас бага байгаа.
Тиймээс “MGL-93” шатахууны чанарт эргэлзэх хэрэггүй гэдгийг дахин хэлье. Одоогоор “MGL-93“ шатахуун нь АИ-92 автобензины нийт зах зээлийн 25 орчим хувийг эзлэхээр байгаа. Цаашид бид газрын тосоо өөрсдөө боловсруулах, мөн нүүрсийг шингэрүүлэх болон шатдаг занараа ашиглах байдлаар шатахуун гаргаж эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна.