Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа. Үүнтэй холбогдуулан түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.
-“Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Газрын эрхийг цуцлах, хүчингүй болгох асуудал эхнээсээ шийдэгдээд явж байна. Шууд аж ахуй нэгж иргэдээ буруутгах хэцүү. Анхнаас нь олгоогүй бол ийм асуудал аль аль талдаа үүсэхгүй байх байсан. Аж ахуй нэгж, иргэдээ буруутгахгүй байя гэхээр “Хөрөнгийн бирж”-ийн өмнөх автомашин явдаг замыг л эзэмшлээр олгоод өгчихсөн байна шүү дээ. Ийм асуудлыг цаашид хүлээн зөвшөөрөөд явах ямар ч боломж байхгүй. Автомашин явдаг замыг өмчлөөд, хувьчлаад авчихдаг асуудал хаана ч байж болохгүй. Тийм учраас “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн эзэмших эрхийг нь цуцалж байна. Цаашид өөр олон асуудал байна.
-Мөн “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнг тусгай хэрэгцээнд авах асуудал яригдаад байна?
-Төв талбайнхаа хажууд, төв цэцэрлэгт хүрээлэн дотроо эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ус, ариун цэврийн өрөө байхгүй, тог цахилгаан ч үгүй байгууламжид яндан гаргачихаад гал түлээд сууж байдаг асуудал байж болохгүй учраас энэ асуудлыг цэгцэлж байгаа. Мөн орон сууцны дундах газрууд байна. Барилга барих боломжтой гэж байгаа боловч тухайн орчинд иргэд, оршин суугчдын эрх зөрчигдсөн орон сууцны дунд ногоон байгууламж, хүүхдийн талбай үгүй болсон асуудал байгаа учраас зохион байгуулалтын ажлыг хийж аль болох эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах олон асуудал байна.
-Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ихэнхийг “Сахал” хочит Эрдэнэбат эзэмшдэг гэх юм. Үүнийг судалсан уу?
-“Улаанбаатар хотын банк”-ны мэдэлд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, ТЕГ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын арын талбай гээд олон газар олгогдсон байгаа учраас энэ асуудлыг шат дараатайгаар цэгцэлж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч эрхийг нь хүчингүй болгоод Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн хэрэгцээнд ашиглана. Өөр олон судалгаа хийж, аль болох аж ахуй нэгжүүдийн хувийн эрх ашгийг хөндөхгүй байх зарчим баримтлана. Гэвч эрхийг нь цуцлахаас өөр арга байхгүй. Цаашид Улаанбаатар хотын хэмжээнд байгаа олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгүүд, гудамж талбайг бүртгэлжүүлэн тоолж Нийслэлийн тусгай хэрэгцээнд авах ажлыг эхлүүлээд газрын алба зохион байгуулаад явж байна.
-“Номин холдинг” компанийн газрын маргааныг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-“Номин холдинг” компанийн газар эзэмших эрхийг захирамж гарган цуцалсан.
Эх сурвалж: shuud.mn