“Шарилжгүй Улаанбаатар” аян өнөөдрөөс эхэлж байна.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зориулалтын автомат хадуур /50ш/, ажлын хувцас, бээлийн масктай 100 хүнийг бэлтгэж, эмэнэлэг /Гэмтэл, Эх нялхас, Хавдар судлалын үндэсний төв, Халдвар судлалын үндэсний төв, Клиникийн 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газар, дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэг гэх мэт/, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд голын эрэг, Энхтайваны гүүрний доод хэсэг, Нарны зам дагуух нүхэн гарцуудын орчим, үерийн далан суваг, дулааны шугам, төмөр замын хамгаалалтын зурвас дагуу нийт 1.2 сая м.кв нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, лууль, хөл газрын ургамлыг цэвэрлэхэд бэлэн болжээ.
Хуваарийн дагуу өнөөдрөөс Баруун 4 замаас Гэсэр сүм, Баянбүрдийн тойрог чиглэлийн зам дагуу болон үерийн далан дагуу ургасан шарилийг цэвэрлэж эхэллээ. “Шарилжгүй Улаанбаатар” аяны нэгдүгээр үе шат 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 5-ны хооронд 15 хоног, хоёрдугаар үе шат 8 дугаар сарын 5-20-ны хооронд 15 хоногийн хугацаанд тус тус явагдана.
Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-ийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, 250 иргэдийн бүлгийн ажилчид орон сууцны болон гэр хороолол доторх туслах зам, гуу жалганд ургасан шарилж, лууль хөл газрын ургамлыг өдөр бүр хуваарийн дагуу тогтмол цэвэрлэнэ. Мөн “Шарилжгүй Улаанбаатар бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 6 дугаар сарын 29-ний Бямба гарагт зарлаж байгаа аж. Энэ өдөр гэр хорооллын айл өрхүүд өөрийн хашаан доторх болон гадна ургасан шарилж луулиа цэвэрлэж, орон сууцны хорооллын айл өрх, СӨХ-үүд хүүхдийн тоглоомын талбай, байрны орчимд ургасан шарилж луулийг, ААНБ-ууд өөрийн хашаан доторх болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж лууль хөл газрын ургамалыг цэвэрлэж оролцох юм.
Иймд Шарилжгүй Улаанбаатар аянд нийслэлийн нийт иргэд, ААНБ-ууд идэвхтэй оролцож, харшлын өвчлөлийг хамтдаа нэгдэж бууруулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.