Өвөр Монголд Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчилна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох ажлын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо “Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдсан Улаанбаатар Ордос хотуудын хамтарсан аялал жуулчлалыг сурталчлах хурлын үеэр хоёр хотын хооронд соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ордос хотын Ардын засгийн газрын орлогч дарга Лиү Жиан Шюн нар гарын үсэг зурлаа. Мөн хоёр орны аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг төлөөлж Монголын талаас Чингисийн тоонот, Өнөрговь, World classic travel компаниуд ӨМӨЗО-ны аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсаа сурталчилхаар аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Улаан мөрний эрэг дээрх задгай талбайд Монголын түүх, соёл, угсаатны өв уламжлалаа сурталчлан үндэсний урлагийн концертыг Ордос хотын иргэдэд толилууллаа.

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын алтан гурвалжингийн нэг Ордос хот нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэн өдгөө хамгийн орчин үеийн архитектур, дизайны төгс шийдэлтэй хот болсон байна. Өнгөрсөн 2018 онд тус хот дотоод гадаадын 14.5 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого нь 44.1 тэрбум юань хүрсэн нь өмнөх үетэй харьцуулахад 16.7 хувийн өсөлттэй гарсан байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …