Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай, “Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Явуулын ажлын байрны үйл ажиллагааны журам”-ын танилцуулгын талаар хэлэлцэв.
“Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай үйлчлэх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, нийслэлийг хөгжүүлэх бодлого, шийдвэрт иргэдийн санал, хүсэлтийг тусгах зорилгоор 6 бүлэг 11 заалт бүхий журмын төслийг боловсруулсан” хэмээн НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Энэхүү журмын төсөлд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг, хүлээх хариуцлагыг тусгаж өгчээ. Мөн явуулын үйлчилгээний хуваарь, нутаг дэвсгэр, оролцогч байгууллагыг сар бүр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баталж, үр дүнг улирал тутам нийслэлийн Засаг даргад мэдээлж байхаар тусгасан байна.
Хотын Захирагч С.Амарсайхан “Явуулын ажлын байрнаас үзүүлэх төрийн үйлчилгээг үр дүнтэй, өндөр зохион байгуулалтай иргэдэд түргэн шуурхай үзүүлдэг байх ёстой. Мөн явуулын ажлын байрны үйлчилгээг хэвийн тогтвортой явуулахад чиглэсэн техник, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж дотоод гадаадын дэвшилтэт арга барил, туршлагыг нэвтрүүлж ажиллах хэрэгтэй” гэлээ. Зөвлөлийн гишүүдийн олонх нь төслийг дэмжсэнээр уг журам батлагдлаа.
Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хийсэн танилцуулгадаа “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/667 дугаар захирамжаар телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журмыг батлуулан ажилласан. Гэвч нутгийн захиргааны байгууллагууд нь тухайн журмын биелэлтийг хангаж ажиллахгүй байгаа тул өнөөдрийг хүртэл стандартын бус хэрэгцээ шаардлага хангахгүй камер суурилуулах, засвар үйлчилгээний зардлыг зориулалтын дагуу ашиглахгүй, нэгдсэн төлөвлөлт, бүртгэл байхгүй зэрэг дутагдал байнга давтагдан гарсаар байна. Иймд энэхүү журамд дутагдаад буй байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хариуцлага алдсан албан хаагчдын хүлээх хариуцлагыг тодорхой болгон, камертай холбоотой техникийн тодорхойлолтыг хуучин журмаас хасч тодорхойлолт гаргах ажлыг тухайн байгууллагын онцлог, шийдэлд тааруулж гаргахаар тусгасан” хэмээлээ. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн дэмжсэнээр журмыг баталлаа.
Дараагийн асуудал “Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” талаар нийслэлийн Үйлдвэр Инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ танилцуулав. Тус үйлдвэрлэл, технологийн паркийг захиргаа, технологи дамжуулах төв, өндөр технологийн үйлдвэрийн цогцолбор, ноос ноолууран эдлэлийн цогцолбор, арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэлийн цогцолбор, дундын эзэмшил гэх зэргээр нийт 36.8 га газарт төлөвлөсөн байна. Паркийг 2019-2022 он гэхэд байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 500 орчим ажлын байр бий болох аж. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг дэмжсэнээр НИТХ-д өргөн барихаар болов.