Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.6.25/ мэдээлэл хийлээ. МҮБХ-ны тэргүүлэгчид энэ сарын 17-нд хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхөд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх тогтоол гаргасан юм.
МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав “МҮБХ-ын тэргүүцлэгчид энэ долоо хоногт багтан хуралдаж, энэ асуудлыг дахин хэлэлцэнэ. Цаашлаад Баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хороо эдгээр бөхчүүдийг Үндэсний баяр наадамд барилдуулах эсэх шийдвэрийг гаргана. Шүүхийн асуудал дээр ч гэсэн БСШУСЯ анхаарал тавьж ажиллана
Бөхчүүдийн эрхийг сэргээсэн эл шийдвэр өнгөрсөн ням гаригт /2019.06.23/ “Наадмын сорилго” барилдааны үеэр бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулж, улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй зааланд цугласан бүх бөхчүүд “Нэг бол бөхчүүдээ барилдуул, аль эсвэл эрхийг нь сэргээсэн бөхчүүдээ барилдуул. Бид үүгээрээ допингийн эсрэг гэдгээ илэрхийлж байна” гэсэн шаардлага тавьсан. Сорилго барилдааны үеэр эсэргүүцлээ илэрхийлж, барилдаан цаг гаруй хугацаагаар хойшилсон. Сорилго барилдаан дээр энэ асуудал гарч ирсэн нь сайн хэрэг болсон. Хэрвээ шууд наадмаар гарч барилдсан бол үндэсний бөхийн түүхэнд хар дурсамж үлдэх байсан гэж бодож байна” гэлээ.
“Их Эе” хуралдаж нэг талдаа гарвал допингтой хатуу тэмцье, найрааны асуудал гээд цэгцлэх зүйлээ хийгээд явах боломжтой
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Төрийн байгууллагын шийдвэр гараад таван бөх барилдах эрхтэй болжээ. Гэтэл үүнийг бөхчүүд эсэргүүцэж байна. Энэ асуудлыг Төрийн байгууллага шийдэх ёстой юу эсвэл бөхчүүд өөрсдөө шийдвэрлэх ёстой юу?
-Хууль журмаа барина. Гэхдээ нийтдээ хууль журмаа барих уу гэдэг асуулт байна. Шүүхийн зөв шийдвэр гарсан бол түүнийг дагаад явна. Харин буруу шийдвэр гарсан бол түүнийг дагахгүй гэх эрх бий. Саяны барилдаан дээр харагдлаа шүү дээ. 256 бөхийг барилдуулах гэтэл бөхчүүд бид допинг хэрэглэсэн бөхчүүдтэй барилдахгүй гээд зогсчихлоо. Энд эсэргүүцэл гарч байна. Тэгэхээр энэ үйлдэл буруу хуулийн шийдвэр гарахаар эсэргүүцэж байгаагийн нэг хэлбэр юм. Төрийн бус байгууллага, Төрийн байгууллага маш сайн уялдаа холбоотой байж шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Монгол бөх гэдэг бол маш том өв соёл явж байна шүү дээ. Үнэндээ нэг яруу найрагч орж ирээд будлианыг хутгачихлаа.
-Яагаад допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулах шийдвэр гаргасан вэ. Энэ асуудалд бөхчүүд болон аваргууд ямар байр суурьтай байна вэ?
-Тухайн үед ард түмэндээ хүндлэгдээд аварга хэмээх эрхэм цолыг хүртэн яваа аваргууд энэ асуудлыг өөрчлөх цаг болсон гэдгийг хэлж байна. Энэ долоо хоногт өргөтгөсөн хурал хийж шийдвэрлэнэ.
-Допинг хэрэглэсэн бөхчүүдийн заримынх нь цолыг хураадаг. Гэтэл зарим бөхчүүдийн цолыг хурааахгүй байна. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Цол хэргэм хураах эрх Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаг. Зарим бөхөд гурван сарын шийтгэл оногдуулдаг бол заримд нь огт шийтгэл ногдуулдаггүй. Гэтэл хоёр жилээр эрхээ хасуулах бөх гарч байхад цоыг нь хураах ч асуудал байна. Энэ нь он онд ажиллаж байгаа Баяр наадмын комиссын гишүүдийн гаргаж байгаа шийдвэр байгаад байдаг.
-Энэ шийдвэрийг засч өөрчлөх боломж байна уу?
-Үүнийг засахын тулд Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт хийж байж засах юм. Баяр наадмын тухай хуулиар допинг хэрэглэсэн бөхийг барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, эсвэл цолыг нь хураана гээд заачихсан. Үүнийг УИХ-д суугаа бөхийн төлөөлөл болсон гурван гишүүн гаргаж байж Төрийн эрх байгуулах дээд байгууллагатайгаа нийлж засах хэрэгтэй болоод байна. Тэгэхгүй бол яг ийм алдаа, завхрал гарч байна. Бөхийн холбооны асуудал шүүх дээр явж байгаа учраас бид санал оруулах болоогүй байна. Одоо 1000 гаруй бөх барилдаж байгаа ч тэдэнтэй холбоо нэг бүрчлэн ажиллахад хэцүү. Бидэнд эрэмбэний асуудлаас эхлээд цэгцлэх асуудал байна.
-Допинг хэрэглэсэн бөхчүүд янз бүрийн тайлбар хийж байна. Зарим бөхчүүд эм ууснаа тайлбарлаж байна?
-Допингийн асуудал намайг барилддаг байх үеэс эхэлсэн. Тухайн 2006, 2007 онуудад олон улсын конвецид нэгдсэн. Наадам болон цагаан сарын үеэр хоритой бодисын талаар мэдээлэл гаргадаг байсан. Одоо нэг ч бичиг үсэг тайлагдаагүй бөх байхгүй. Гар утасгүй бөх гэж байхгүй. Гэтэл бөхчүүд өөрсдөө кофе уугаад, ханиад хүрэхээр нь аналгин уусан гээд байдаг.
Ерөөсөө булчин масс томруулах тариа гарч байна. Энэ л бөхчүүдээс гарч байна. Түүнээс кофе уугаад, өвчин намдаах түрхлэх түрхээд хориотой бодис гарч байгаа гэх буруу ойлголтыг өгөөд байна.
-Наадмын үеэр найрааны асуудал гардаг. Та бүхэн хяналтын камер хийнэ гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бөхийн холбоо өөрөө Захиргааны хэрэг дээр маргаантай байгаа болохоор зарим асуудлыг цогцоор нь шийдээд явж чадахгүй байна. Бидний гол зорилго бол холбооны асуудал жигдрээд “Их Эе” хуралдаж чадаад нэг талдаа гарвал допингтой хатуу тэмцье, найрааны асуудал гээд цэгцлэх зүйлээ хийгээд явах боломжтой. Хэрвээ найрааны асуудал байгаа бол барилдах эрхийг нь таван жил хүртэл хасъя гээд яриад байгаа шүү дээ.