Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл ордог. Судалгаагаар Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна.
Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд авто машины зөв хэрэглээг хэвшүүлэх, авто зогсоолыг төлбөржүүлэх, менежментийг сайжруулах шаардлагатай байгаа юм.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өчигдөр хуралджээ. Хурлын эхэнд нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр түгжрэлийн үүсэх гол шалтгаан, түүнээс хэрхэн ангижрах зэрэг судалгаан дээр суурилсан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах бүсчлэлийн танилцуулга хийжээ.
“Нийслэлд байнгын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины тоо энэ чигээрээ өсөөд байвал 2025 он гэхэд тэг зогсолт хийнэ. Тиймээс бид ойрын гурван сарын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч, зоригтой шийдвэр гаргах шаардлагатай. Бид нийслэлийн авто замын хөдөлгөөн, авто замыг A, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваах, нийтийн тээврийн маршрутын зохион байгуулалтыг оновчтой болгох, явган хүн, унадаг дугуйн замыг бий болгох, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын системийн хоцрогдлийг арилгах зэрэг дөрвөн асуудал дээр ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ гаргах хэрэгтэй. Гурван бүсчлэлд хуваахаар замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөл байдал өөрчлөгдөнө. Бид эхний хоёр бүсэд авто зогсоолыг хангалттай шийдэж өгөхөөр тооцож байна. гэхдээ энэ зогсоолуудыг бүгдийг төлбөртэй болгоно” хэмээн С.Энхтөр дарга танилцуулгадаа онцлов.
Улаанбаатар хотын төвийн хэсэгт 50-60 машины зогсоолд 08:00-18:00 цагийн хооронд өдрийн турш тандалт хийхэд дунджаар 10 машины зогсоол дээр л сэлгэлт хийгддэг байна. Бусад зогсоол дээр ойр орчмын албан байгууллага, үйлчилгээний газруудын ажилчдын машин өдөржин зогсдог байна. Ажлын хэсгийн гишүүд тухайн асуудлуудыг хэлэлцэж, саналаа тусган дахин боловсруулахаар боллоо.