“Өвөг сур” гэгддэг урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ маргааш /2019.06.28 Улаанбаатар хотноо эхэлнэ. Тус харваанд оролцохоор Монгол Улсын өнцөг булан бүрээс одоогийн байдлаар 300 орчим харваач хүрэлцэн иржээ. Энэ жилийн УАШТ “Өмнөх жилүүдээс өргөн цар хүрээтэй болно” гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Мөн өнөөдөр техникийн зөвлөгөөн болж, маргааш баг харваагаар эхлэх юм байна. Нэг баг дасгалжуулагчтайгаа нийт 12 хүнтэй оролцох аж. Зарим аймаг, клубууд 2-3 багтай оролцож буй юм. Харин цуваа харваа буюу ганцаарчилсан үзүүлэлт гаргах харваа ирэх ням гаригт болно. Уг төрөлд 30 сум харваж, 22, 23 оносон харваачид спортын дэд мастер, 24-өөс дээш оносон харваач спортын мастер цол, түрүүлсэн нь Улсын аварга харваач болох дүрэмтэй.
Дашрамд, сонирхуулахад урианхай сурыг “Зөвхөн эрчүүд харвадаг, дайн байлдааны төрлөөс хамгийн анх тоглоом наадмын төрөл болон үүссэн өвөг сур” хэмээн судлаачид үздэг аж. Харвах зайн хувьд 40 метрт хоёр өтвөгийн дундах 350 грамм цул суран байг онож арын өтвөгийг давуулснаар оноонд тооцно. Онох бай нь хүнд учраас нь нумны хувьд хатуу тэр хэрээр харваачийн эрхийний цэц, идийг шаардсан байдаг аж. Нөгөөтэйгүүр, урианхай сурыг нумт зэвсгийн анхны төрөл болох хавчаахай нум мөн эвэр нумаар харвадаг онцлогтой.