УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2019.6.28/ мэдээлэл хийлээ. Тэрээр Монгол Улсны Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Тэдгээр шүүгчдийг авлигын гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ирж буйг УИХ-ын гишүүн Ж.Батзандан цааш ярилаа. Тэрбээр, “Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-тэй холбогдоход дээрх 17 шүүгчийг гэм буруутайд тооцсоны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж чөлөөлнө гэсэн мэдээлэл өгсөн. Одоогоор тэдгээр 17 шүүгчийн зөвхөн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Хэрвээ шүүхээс зарим нэг нь гэм буруугүй гэсэн шийдвэр гарвал эргээд ажилдаа томилогдоно.
Эдгээрээс гадна УИХ-ын таван гишүүн нэр бүхий найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа ҮАБЗ-д өгсөн тухай хэллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Ц.Зориг, Ч.Хосбаяр, М.Батсуурь гэсэн найман хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүссэн байна.
Эдгээр шүүгчийн талаар УИХ-д олон гомдол ирсэн. Бүлэглэлийн талд ажиллаж байгаа тэдгээр шүүгч байгаа цагт шударга ёс тогтохгүй гэж иргэд үзэж байна. Учир нь, тэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн.
Эрүүдэн шүүх замаар нотлох баримт цуглуулахыг Эрүүгийн хуулиар хориглодог. Мөн шүүхийн урьчилсан хэлэлцүүлгээр эрүүдэн шүүсэн эсэхийг шийдвэрлэдэг. Гэвч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар урьдчилсан хэлэлцүүлгээр “биднийг тамлан зовоож, хэрэг хүлээлгэх ажиллагаа хийсэн” гэж мэдүүлсэн ч хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцүүлж, ял оноосон. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндсээр нь зөрчсөн.
Түүнчлэн УИХ-ын нэр бүхий таван гишүүн Улсын Ерөнхий прокурор болон Улсын дээд шүүхэд 23 хэрэг шалгуулах хүсэлт гаргасан. Энэ 23 хэрэгт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргээс Шинжиан Шинфа компанийн 20 тэрбумын хэрэг хүртэлх томоохон хэргүүд бий. Гэвч эдгээр шүүгч Улсын дээд шүүхэд байгаа цагт дээрх хэргүүд шударгаар шалгагдах боломжгүй гэж үзсэн” гэлээ.
–