Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар үндэсний баяр наадмын найруулагчаар дөрвөн жил дараалж ажилласан. Энэ жилийн үндэсний их баяр наадмыг “Хувьсал”-ын Ц.Цогтгэрэл найруулж байгаа юм. Тэгвэл Н.Наранбаатар наадмын өдрүүдэд амьд хөгжмийн энтертайнмент шоу тавихаар бэлтгэлдээ оржээ.
Энэ жилийн баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 7-12-ны өдрүүдэд 19:00 цагаас “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд “LEGEND” нийлмэл урлагийн шоу хөтөлбөр тоглогдох юм. Тус шоуны ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт Н.Наранбаатар, хөгжмийн продюсерээр морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан ажиллаж байгаа аж.
Мөн МУГЖ Б.Мөнхбаатар, Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Б.Алтанжаргал, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын уртын дуучид болон хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны балетын бүжигчид, ХЦДБЭЧ-ийн бүжигчид, циркийн нугараач, акробатчид, тайз, гэрэл, графикийн мэргэжилтэн гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлчид монгол үзэгчид болон гадаадын жуулчдад үндэсний соёл урлаг, орчин үеийн шоу энтертайнмэнт хоршсон үзүүлбэр үзүүлэхээр хамтран ажиллаж байна.
Дотоод нүүдлээ сэрээ уриатай “LEGEND” брэндийн агуулгад анх удаа дэглэгдэж буй тус шоу нь үндэсний язгуур урлагийг орчин үеийн хөгжим, бүжиг, тайз, дэлгэц, театрын урлагтай хослуулсан энтертайнмэнт шоу хэлбэрийн тайзны бүтээл юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Facebook: fb.com/legendshowmongolia
Web: www.legends.show