Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнгөрсөн сард Хот тохижилтын газарт зам талбай угаах, шүүрдэх, хогийг соруулах зэрэг олон үйлдэлт 20 бага оврын авто техник гардуулан өгсөн. Тэгвэл өнөөдөр мөн агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийн амьдрах орчиныг сайжруулахын тулд нийслэлээс олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Хот тохижилтын газарт өмнө нь бид гудамж талбайг цэвэрлэх шүүрдэх үйлчилгээтэй бага оврын төхөөрөмжүүдийг шийдвэрлэн өгч ажилд оруулсан. Энэ нь зам талбайн үйлчлэгчдийн ажлын ачааллыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлсэн. Нийслэл хот агаар, орчны бохирдол, тоосжилт, хуурайшилт ихтэй байдаг. Хавар, зуны тоосжилт ихтэй, хуурай улиралд зам талбайг усалж, орчин тойрны агаарыг чийгшүүлэх үйлчилгээтэй зориулалтын автамашинй таван ширхэгийг авахаар төлөвлөсөн. Наадмаас өмнө хоёр автомашин ирснийг өнөөдөр бид Хот тохижилтын байгууллагад шилжүүлэн өгч байна.
Эдгээр төхөөрөмжүүд нь замын хөдөлгөөнд оролцонгоо замаа цэвэрлэдэг, ойо орчмын агаараа чийгшүүлдэгээрээ давуу талтай. Өнөөдрөөс үйлчилгээнд гарч ажиллаж эхэлнэ. Энэ жил Хот тохижилтын газрын үйл ажиллагааг дэмжихээр дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Сүүлийн жилүүдэд хот тохижилтын газарт хэдэн шүүр, хүрзнээс өөр дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй ирсэн. Өвөл зунгүй гуудамж талбайн дээр ажиллаж, халуунд халж, хүйтэнд даарч байдаг ТҮК-ийн хэдэн ажилчдынхөө хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлээр цаашид чанхаарч ажиллана” гэв.
Хот тохижилтын газраас цахим тендер зарласны дагуу шалгарсан компани нь нийт таван чийгшүүлэгч машин нийлүүлэх байснаас эхний удаад хоёрыг нь хүлээлгэн өгч байгаа бол наадмын дараа үлдсэн гурвыг нь хүлээлгэн өгөх юм байна. Уг машин нь найман тонны усны багтаамжтай, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсэгтээ авто замыг чийгшүүлэх зэрэг олон үйлдэлтэй юм байна.
Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Цэвэрлэгээ үйлчилгээний 20 төхөөрөмжийг Хот тоохижилтын газар үйлчилгээндээ нэвтрүүлээд ашиглаж байна. Техник, технологийн дэвшилийг хот анх удаа нэвтрүүлсэн. Энэ нь ажилчдын хөдөлмөрийг эрс хөнгөвчилж байгаа.
Өнөөдрийн хүлээн авч байгаа олон үйлдэл машин нь агаар чийгшүүлэх, зам талбайг өндөр даралтаар шүршиж угаах, усалгаа хийдэг. Эдгээр автомеханизмууд хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гарч ажиллаж эхлээд байна” гэв.