Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Улсын аварга цол хүртсэн билээ.
Ингээд энэ удаагийн фото мэдээ булангаараа бөхийн барилдааны Долоо, Найм, Есийн давааны торгон агшнуудын гэрэл зургийг хүргэж байна.
Шинээр цол хүртсэн бөхчүүд
Улсын аварга-Э. Оюунболд
Улсын начин
1. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Д.Цэдэнсодном: Монгол түмэндээ баяр наадмын мэнд хүргэе. Тэр дундаа Өвөрхангай аймгийн зон олондоо баярын мэнд хүргэе. Барилдаан болгон хүнд байлаа. Монгол Улсын начин цол хүртсэндээ баяртай байна.
2. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр: Үндэсний бөхийн спортоор хичээллээд таван жил болж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаараа Монгол Улсын начин цол хүртсэндээ баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлаж байна. Анхны чөлөөт бөхийн спортын багш нар болон намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай
3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Б.Баярбаатар: Юуны өмнө Монголынхоо ард түмэнд баяр наадмын мэндийг хүргэе. Үнэхээр их баяртай байна. Үндэсний их баяр наадмаараа улсын цолтны эгнээнд багтаж, нэр хүндтэй цол хүртсэндээ баяртай байна
4. Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ: Миний хувьд үндэсний бөхийн спортод хүчин зүтгээд 20 жил болж байна. Монгол Улсын начин цолыг 36 насандаа хүртсэндээ тун баяртай байна. Энэ олон жилийн хугацаанд намайг дэмжиж, өдий зэрэгтэй тусалж, дэмжсэн аав, ээж, нутгийн ахан дүүстээ маш их баярлалаа.
5. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн арслан А.Давааням
Улсын харцага-Д.Анар
Д.Анарын хувьд 2016 онд тухайн үед аймгийн хурц арслан цолтой байсан Ш.Мөнгөнбаатарыг (Улсын харцага) давж, улсын начин цол хүртэн, харцага цолны төлөө аймгийн арслан Б.Бат-Өлзийд (Улсын харцага) өвдөг шороодож байсан юм. Ийнхүү тэрбээр гурван жилийн дараа Б.Бат-Өлзийтэй дахин зургаагийн даваанд таарч, харцагыг давж, ХАРЦАГА цол хүртлээ.
Г.Нараа