Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн барилдаанд ид хав нь тэгширсэн 512 бөх барилдсанаас Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх, улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэж наадамчин олноо баясгалаа. Тэрбээр өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөхөөр тодорч аварга цол хүртсэн билээ. Харин энэ жил амжилтаа бататган үзүүрлэснээр аварга цолтой бөхчүүдээс эрэмбээрээ хамгийн эхэнд жагсахаар болж байна.
Улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас бай шагналаа авсаныхаа дараа Монголын ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “Баяр наадам маань сайхан боллоо. Монголчууд маань өргөн дэлгэр наадлаа. Миний хувьд энэ жил шударга эрэмбийн төлөө барилдаж өнөөдөр аваргуудаас эрэмбээрээ дээр гарсандаа баяртай байна. Үнэн ялах байх. Найраагүй наадъя урианы хүрээнд сайхан наадлаа. Нутгийнхаа аварга ахтай харгүй сайхан барилдаж давлаа. Монгол зон олон минь сайхан наадаарай” гэлээ.