Баярын өдрүүдэд орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарч эрдэнэт хүний амь нас эрдсэн харамсалтай хэргүүд бүртгэгджээ. Доорх ноцтой ослуудыг дан эмэгтэй жолоочид үйлдсэн нь анхаарал татаж байгаа юм. Үүнд:
- Дорнод аймаг Цагаан-овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 06:03-д хүлээн авч шалгахад: Тус сумын 5 дугаар баг сумын төвөөс баруун урагш 14 км зайд байрлах “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай “О” нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр гарч улмаар 06, 07 сартай 2 эмэгтэй хүүхэд нас барж 3, 11, 25 настай 3 хүн гэмтсэн зам тээврийн ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.
- Хэнтий аймаг “Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна” гэсэн мэдээллийг 07-р сарын 12-ны 09:52-д авч шалгахад: 33 настай эмэгтэй “Э” нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хажууруу онхолдож, зорчиж явсан 5, 10, 21 настай 3 хүн газар дээрээ нас барж, 28-30 насны 2 хүн гэмтсэнийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.
- Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт тээврийн хэрэгсэлд хүн дайруулж нас барсан гэсэн мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20:05 д хүлээн авч шалгахад: 38 настай эмэгтэй “А” нь өөрийн тээврийн хэрэгсэлээр нөхөр болох “Э” /эр,41н/-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.
Иймд жолоочид та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
Эх сурвалж:ЗЦГ