Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатарт болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
“Бөхийн өргөө”-д болох тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээр дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд 2020” наадмын Test Event өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.
Монголын жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулах тус тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ.
Энэ удаагийн тэмцээнд АНЭУ, Афганистан, Бахрайн, Йордан, БНСУ, Япон, Казахстан, Тайланд, Тайвань, Филиппин зэрэг орны тамирчид оролцохоор манай улсад ирээд байна.
Тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн жюү жицүгийн холбоо, Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Энэхүү сургалтыг Азийн жюү жицүгийн холбооны ерөнхий шүүгч Бразил улсын иргэн Александре Нассименто хоёр өдөр удирдан явуулсан байна.
Жюү жицүгийн тивийн тэмцээнийг шүүхээр 13 орны 19 шүүгч ажиллахаар болсон бөгөөд манай улсаас гурван шүүгч багтжээ.
Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Ne Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu, Duo System гэсэн дөрвөн төрлөөр болно. Ne Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu гэсэн гурван төрөлд эрэгтэй 56, 62, 69, 77, 85, -94, +94 кг, эмэгтэй 45, 48, 52, 57, 63, -70, +70 кг-ийн жингүүдэд өрсөлдөх юм. Duo System-ийн төрөлд өрсөлдөөн жингүй ангиллаар медалийн эздээ тодруулна.
ХУВААРЬ:
- 07.17 – 16:00 цагаас нээлт
- 07.17- 20 –ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ
- 07.20- 21-ний өдрүүдэд өсвөрийн тамирчлын тест эвент тэмцээн болно.