Гэмтлийн эмч нар: Н.Удвал сайдын томилгоо эмч, ажилчдыг стрессдүүлж оюуны чадамжийг улам бүр сулруулж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд: 
Засгийн газар солигдох бүрт эрүүл мэндийн салбарт хийгддэг удирдлагын томилгоо, чадварлаг боловсон хүчний халаа, сэлгээ нь эрүүл мэндийн салбарын тогтолцооны хямралыг улам бүр гүнзгийрүүлж, эрүүл мэндийн байгууллага, хамт олон, улмаар өвчтөн үйлчлүүлэгчдийн эрх, ашиг хөндөгдөхөд хүрч байна.

Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хүрээнд тодорхой үе шаттай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чиглэгдсэн, эрүүл мэндийн байгууллагыг бие даан хөгжих, шинэчлэгдэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Гэвч эрүүл мэндийн суурь шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, энэ шинэчлэл, өөрчлөлтийг гардан явуулах мэргэшсэн, чадварлаг менежерүүдээр багаа бүрдүүлж, сонгон шалгаруулж, тэдэнд боломжийг олгож чадаагүй зэрэг алдаатай бодлогыг хэрэгжүүлсэн  нь эрүүл мэндийн тогтолцооны хамгийн том гажуудал юм.

Сайд эрх мэдлийнхээ хүрээнд эрүүл мэндийн салбартаа бодлогоо хэрэгжүүлэх, чадварлаг мэргэшсэн менежерүүдийг эрүүл мэндийн байгууллагуудад томилоход   нам, эвслийн оролцоо, тэдний зүгээс өөрсдийн хүнээ дэвшүүлэх, хөндлөнгийн томилгоог албадан хийлгэх, албан тушаал барьцаалах зэрэг нь  бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндийн тогтолцооны хямралыг улам гүнзгийрүүлэх үндсэн шалтгаан болсоор байна.

Эрүүл мэндийн яам, Төрийн албаны зөвлөл хоорондын зөрчилтэй асуудлаас болж, зарим эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт зогссон. Үүний шалтгаан нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам”- ын дагуу Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ажиллах боломжгүй гэж үзжээ. Тийм учраас Эрүүл мэндийн төвүүдийн дарга нарыг сонгон шалгаруулах ажил гацаанд орж, тус төвд мэргэжлийн бус хөндлөнгийн оролцоотой томилгоонуудыг хийх боллоо.
Үүний үр дагавар нь:
Эрүүл мэндийн сайд төрийн үйлчилгээний байгууллага болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргыг сүүлийн гурван сард хийсэн хоёр удаа дураараа томилов. Энэ хууль бус томилгоо нь тус төвийн хамт олны 50 жил хамтран бүтээсэн баялаг, туршлага, оюуны сан хөмрөгийг устгах, байгууллагын хөгжлийг зогсонги байдалд оруулах, эмчилгээ, үйлчилгээ, дотоод үйл ажиллагаанд ноцтой зөрчил үүсгэх, эмч, ажилчдын дунд, айдас, стресс үүсгэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний оюуны чадамжийг улам бүр сулруулах,  өвчтөн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчих үндсэн шалтгаан болж байна. Эрүүл мэндийн яам, удирдлагын зүгээс үүсээд байгаа асуудлын шалтгааныг мэдсээр байж, өөрсдийн шийдвэрийг гүйцэлдүүлэхийн тулд зөвхөн хамт олны төлөөлөн сонгосон, асуудлыг зохицуулах үүрэг хүлээсэн зарим удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Энэ нь гаднаасаа ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн хүсэлтийг харгалзсан шийдвэр мэт харагдах ч үнэн чанартаа үзэл бодлоо шударгаар илэрхийлснийх нь төлөө зайлуулсан үйлдэл байв. Тус төвийн шинэ дарга Яаралтай тусламж хариуцсан дэд захирал, Стратеги төлөвлөлт гадад харилцаа хариуцсан дэд захирал, Эмчилгээ, дотоод хяналтын чанарын менежерүүдийг ажлаас чөлөөлөөд байна. Ингэснээр томоохон гамшиг, осол  гэмтлийн үед эмнэлгийн хамт олноо удирдан шуурхай ажиллах эмчилгээний менежменжийг хийдэг хүн одоо тус эмнэлэгт алга. Үүнээс гадна чанарын менежер, дотоод хяналт үгүй боллоо. Хамгийн чухал дээрх гурван албан тушаалд тохирох чадварлаг боловсон хүчнийг томилж чадалгүй 20 хонолоо. Эрүүл мэндийн байгууллагын бүх түвшинд гэмтлийн мэргэжлийн эмчийн судалгаа явуулж, мэргэшсэн эмч нарыг хайж, эмч нарт албан тушаал амласан боловч биеллээ олоогүй, асуудал өнөөдөр гацаанд орсон нь нууц биш.

Эцэст нь 2013 оны аравдугаар сарын 18-ны баасан гаригийн орой Гамшиг,осол гэмтэл, мэс заслын амь тэнссэн үеийн эмчилгээний асуудлыг шууд удирдан, мэргэжлийн шийдвэр гаргадаг Эмчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс халагдсан хүүхдийн эмч Т.Нарантуяаг томиллоо. Энэ чухал албанд мэргэжлийн хамт олон дундаасаа шалгарсан эмчийг санал нэгтэй томилдог жишиг бий. Эрүүл мэндийн салбарын түүхэнд байгаагүй томилгоог хийж, өвчтөний эмчилгээ, үйлчилгээнд ноцтой алдаа зөрчил гаргах, мэргэшсэн хамт олныг хэрэгт оруулах гаж буруу удирдлагын томилгоо хийснийг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй. Гэмтлийн нарийн мэргэжлээр олон улсад мэргэжил эзэмшиж, дээшлүүлсэн чадварлаг эмч нар шийддэг асуудлыг хүүхдийн эмчид даалгаж байна. Гэмтлийн эмнэлгийн хамт олон мэргэжлийн бус шийдвэр гаргах эрсдэлээс урьдчилан сэргийлж, Ц.Энхбаярыг даргаар ажиллахыг эсэргүүцсэн шалтгаан энэ. Мэргэжлийн бус хүн мэргэжлийн бус шийдвэрээ гаргаж эхэллээ! Энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй том алдаа.

Эмчилгээ эрхэлсэн дэд захирлын ажил нь тус төвийн эмчилгээ тусламж үйлчилгээг хариуцаж, мэргэжлийн зөвлөгөө өгч, бүх төрлийн мэс заслыг удирдан зохион байгуулдаг, мэс заслын бүх асуудлыг зөвлөлгөөнөөр оруулж, хамгийн сүүлд шийдвэр гаргадаг онцлогтой. Гаргасан шийдвэрийг тус төвийн ерөнхий захирал ч өөрчилж, эмчилгээний дотоод асуудалд оролцох эрхгүй хариуцлага өндөртэй албан тушаал юм.

Өнөөдрийг хүртэл тус төвд үүсээд байгаа асуудлыг зохицуулж, эмчилгээ үйлчилгээг цаг хугацаанд нь үзүүлж, хамт олон, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж, зөв бодлогыг баримталсан удирдлага бол Эмчилгээ эрхэлсэн дэд захирал байв. Ийм чухал үүрэг, хариуцлагатай удирдлагыг хүүхдийн эмчээр солилоо.
Эрүүл мэндийн яамны Ажлын албанаас Эмчилгээ эрхэлсэн дэд даргыг өөрчилж болохгүй гэж мэдэгдсээр байтал зөрчиж хүүхдийн эмчид “Онцгой статустай гамшиг, осол, гэмтэл, мэс засал”- ын асуудалд шийдвэр гаргах эрхийг олгосон тус төвийн удирдлага,  үүрэгт ажлыг хүлээн авсан удирдлага энэ өдрөөс хойш эмчилгээ, үйлчилгээнд ямар нэг ноцтой асуудал үүсвэл хариуцлагыг хүлээх нь шударга ёсонд нийцнэ. Гэмтлийн эмнэлгийн эмч, мэргэжилтнийг мэргэжлийн бус удирдлагад даалгасан, өвчтөн, үйлчлүүлэгчдэд эрсдэл үүсэх нөхцлийг бүрдүүлсэн захирал Ц.Энхбаяр, уг томилгоог дэмжсэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа нарт хариуцлага ногдуулах ёстой.

Эмнэлгийн хамт олон тэмцэж эхэлсэн гол зорилго нь байгууллага, хамт олны эрхийг хамгаалах, хууль бус томилгоог хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлэх явдал байв. Тэгвэл өнөөдөр гамшиг осол, гэмтэл, мэс заслын мэргэжлийн онцгой асуудлыг мэргэжлийн бус хүүхдийн эмчид хариуцуулснаар эмч, эмнэлгийн мэргэжилтэн эмчилгээ, үйлчилгээнд ноцтой зөрчил үүсгэх, эмчилгээ, оношлогооны алдаа гаргах, өвчтөн, үйлчлүүлэгчдэд эрсдэл үүсгэх нөхцлийг бүрдүүллээ. Үүнийг эрс эсэргүүцэж,  өвчтөн,үйлчлүүлэгчдийн эрх, ашгийг хамт хамгаалахын төлөө эмнэлгийн хамт олон тууштай тэмцэх болно.

Төрөлжсөн нарийн мэргэжлийн гуравдугаар шатлалын, шалгуур статус өндөртэй тус төвд хийсэн мэргэжлийн бус удирдлагын томилгоо нь эрүүл мэндийн салбарын түүхэнд байгаагүй, муйхар удирдлагын мугуйд шийдвэр болов. Гэмтлийн эмнэлгийг элгээр нь хэвтүүлэх бодлого хэрэгжүүлж, эмч, мэргэжилтэн, өвчтөн үйлчлүүлэгчдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн дээрх томилгоог нэн даруй цуцалж, өвчтөн, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэх тайван орчныг бүрдүүлж, мэргэшсэн чадварлаг менежерийг томилж өгөхийг эмнэлгийн хамт олон Эрүүл мэндийн яамнаас хичээнгүйлэн хүсч байна” гэжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …