Түрээсийн орон сууцны цахим бүртгэл 14 хоног явагдана

“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Бүртгэл 17:00 минутаас эхэлнэ.

Цахим бүртгэлийн талаар НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатараас тодруулахад “972 орон сууцны 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх, үлдсэн 40 хувийг түрээсийн орон сууц барих зориулалтаар газар чөлөөлөлтөд зарцуулахаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан.

Энэ сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 5-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд цахим бүртгэл явагдана. Энэ 14 хоногт амралтын өдөргүй, 24 цагаар бүртгэл хийнэ. Түрүүлээд бүртгүүлснээрээ түрүүлээд орно гэсэн юм байхгүй. Энэ хугацаанд хэзээ ч бүртгүүлж болно. НОСК-иас тавьсан шаардлага, иргэдийн өөрсдийнх нь ирүүлсэн мэдээллийн дагуу эрэмбэлнэ. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийнэ. Үүний дараа орон сууцны комисс, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нийслэлийн Орон сууцны зөвлөл гэсэн байгууллагууд ажиллана. Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байгаа ажил учраас инженерийн дэд бүтэцгүй буюу гэр хороололд амьдардаг иргэдийг хамруулна. Орон сууцтай иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй” гэв.

Түрээсийн орон сууцны хувьд 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголт байгаа аж. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журамд залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн найман төрлийн иргэдийг хамруулахаар заасан байна.

Түрээсийн орон сууцанд анх удаа өмчлөх хэлбэр орж байгаа юм. Иргэд таван жилийн хугацаанд заасан графикийн дагуу төлбөрөө барагдуулах ёстой юм байна. Энгийн түрээс нь өмчлөх боломжгүй аж.

Цахимаар бүртгүүлэх шатанд ямар нэгэн цаасан материал нэхэхгүй. Интернет орчинд шууд оруулах боломжтой мэдээллийг шаардах гэнэ. Иргэд цахимаар бүртгүүлээд шаардлагад нийцсэн тохиолдолд бичиг баримтын бүртгэлийг нэхэх юм байна. Бичиг баримтын лавлагаа, бүртгэлийг ТҮЦ машинаас авах боломжтой аж. Цахимаар бүртгүүлж буй иргэд хуурамчаар мэдээллээ өгөөд тэр нь илрэх тохиолдолд цаашдаа НОСК-иас явуулж буй хөтөлбөрт хамрагдах эрхгүй болж, хар жагсаалтад багтах юм байна.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …