Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.
-Монголбанкны зүгээс Төв банкны тухай хууль батлагдахаас өмнө хараат бус байдлын түвшин 50-60 хувьтай байсан. Хууль батлагдсанаар төв банкны хараат бус байдлын түвшин 80 хувьд хүрнэ гэсэн. Хууль батлагдсанаас хойш ямар үр дүн гараад байна вэ. Хараат бус байдлын түвшин нэмэгдсэн үү?
-2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-аар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Хууль батлагдахаас өмнө ОУВС-гаас 2006 онд дэлхийн улс орнуудын төв банкны хараат бус байдлын түвшинд үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээний аргачлалд тулгуурлаад, манай дотоодын эрдэмтдийн хийсэн судалгаагаар төв банкны хараат бус байдлын түвшин 40-50 хувьтай гэж гарч байсан. Тэгэхээр Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн гол үзэл баримтлал нь энэхүү хараат бус байдлын түвшинг нэмэгдүүлье гэж зорьсон байгаа.
Засгийн газартай харилцах, шийдвэр гаргах, төсвийн шинжтэй хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг авч үзээд, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хараат бус байдлын түвшинг 80-аас дээш хувьд хүргэх боломжтой гэж үзсэн байгаа. Яг албан ёсоор өнөөдрийн байдлаар төв банкнаас, эсвэл бусад судалгааны байгууллагуудаас төв банкны хараат бус байдлын түвшинг дахин судлаагүй байна. Гэхдээ бидний харж байгаагаар одоогоор төв банкны хараат бус байдлын түвшин 70 хувьд хүрсэн. Мэдээж, үүн дээр дахин судалгаа хийж, хөндлөнгийн хараат бус байгууллагуудаар хийлгэх шаардлагатай.
-70 хувьд хүрсэн гэх энэ дүгнэлтийг та бүхэн ямар үр дүнд үндэслэн гаргаж байна вэ?
-Өмнөх хуулиудыг харвал төв банкны гол үйл ажиллагаа буюу мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкинд хяналт тавих асуудал нь нэг хүний буюу Монголбанкны Ерөнхийлөгчөөс хамаардаг байлаа. Албан бусаар Монголбанкны зөвлөл буюу зөвлөх эрхтэй тодорхой бүтцүүд Монголбанкинд ажиллаж, Ерөнхийлөгчид шийдвэр гаргахад нь зөвлөх эрхтэйгээр ажилладаг байсан. Энэхүү зөвлөх эрх нь тухайн шийдвэрийг авч ч болно, авахгүй ч байж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зөвлөл нь хуулиар баталгаажаагүй байсан юм. Үүнийг бид хуулиар баталгаажуулж, Монголбанкинд албан ёсоор Мөнгөний бодлогын хороо буюу бодлогын хүү ямар байх, заавал байлгах нөөцийг хэрхэн тогтоох, макро зохистой бодлогын арга хэрэгслийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг шийддэг бүтцийг байгуулсан.
Мөн Банкны хяналт, шалгалтын хороог байгуулсан. Мөнгөний бодлого, эсвэл банкинд хэрэгжих журам, дүрэм зэрэг зохицуулалтын арга хэмжээнүүдийг Монголбанкин дээр хамтын удирдлагын зарчмаар хэлэлцэж, шийдвэр гаргадаг болсон. Ингэснээр Мөнгөний бодлогын хороо эсвэл Банкны хяналт, шалгалтын хорооны хурлаар хэлэлцээгүй шийдвэр нь хуулийн хувьд хүчин төгөлдөр бус байх нөхцөл бүрдэж, нэг хүнээс хамааралтай байдлыг багасгасан. Хоёрдугаарт, Засгийн газартай харилцах харилцаанд тодорхой зохицуулалтууд хийсэн. Өнөөдрийн үйлчилж буй хуулиар Засгийн газрын төсвийн улирлын шинжтэй орлого, зарлагын зөрүүг нөхөх зорилгоор богино хугацаатай зээл олгож болно. Эсвэл нээлттэй зах зээлийн хүрээнд ЗГҮЦ-ыг худалдан авч болно. Эдгээрээс бусад аливаа санхүүгийн харилцааг хязгаарлах зохицуулалт хуулинд шинээр орсон. Төв банкны бие даасан байдлыг илтгэх нэг гол үзүүлэлт нь Засгийн газраас хараат бус байх явдал. Шинэ хуулиар Засгийн газартай харилцах харилцааг тодорхой болгож өгсөн учраас бид төв банкны бие даасан хараат бус байдлын түвшин 70 хувьд хүрсэн гэж бид үзэж байгаа.
-Засгийн газраас хараат бус байх зохицуулалтын талаар та дурдлаа. 2019 он бол сонгуулийн өмнөх жил. Засгийн газрын хувьд янз бүрийн байдлаар амлалтаа хэрэгжүүлэхийн тулд мөнгөний бодлогод нөлөөлөх оролдлого гарахыг үгүйсгэхгүй. Үүний эсрэг хангалттай хамгаалалт хуульд тусгагдсан уу?
-Ийм нөхцөл байдлын эсрэг хамгаалалт бүрдсэн гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт, Монголбанкны мөнгөний бодлогын хороо нь Монголбанкны гурван ерөнхийлөгчөөс гадна хараат бус дөрвөн гишүүнээс бүрдэнэ. Хараат бус 4 гишүүн нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдээд, УИХ-аас томилогдсон, Монголбанкинд ямар нэгэн байдлаар хамааралгүй хүмүүс юм. Өнөөдрийн байдлаар Монголын томоохон санхүү, эдийн засгийн сургуулийн багш, судлаач нар багтаад ажиллаж байна. Хороо мөнгөний бодлогын шийдвэрийг хэлэлцэж, олонхийн саналаар шийдэж байгаа учраас гаднаас ямар нэгэн нөлөөлөл орж ирэх нөхцөл байдлыг саармагжуулсан.
Хоёрдугаарт, Засгийн газарт ямар нэгэн чиглэл өгөхийг төв банкны тухай хуулиар шууд хориглосон. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаас өөр бусдаар Засгийн газарт ямар нэгэн зээл өгөх, үнэт цаас худалдан авахыг хориглоно. Тэгэхээр үүнийг зөрчсөн аливаа хэлцэл, тохиолдол нь эрх зүйн чадамжгүй юм. Цаашилбал, хуулийн дагуу томоохон хариуцлага хүлээлгэх ч боломжтой. Үүнээс гадна Монголбанк захиргааны байгууллага болохын хувьд аливаа шийдвэр гаргахдаа хуульд нийцүүлэх ёстой. Хуульд нийцээгүй шийдвэр гэж үзвэл жирийн иргэн хуулийн дагуу шүүхэд хандах боломжтой. Энэ утгаараа төв банкны хараат бус байдлын хамгаалалтууд хийгдсэн.
-Төв банкны тухай хууль батлагдсанаар хараат бус байдал нэмэгдсэн гэдгийг та бүхэн хэлж байна. Гэхдээ яг шинэ хуулийн хүрээнд ажиллахад ямар бэрхшээл учирч байна вэ?
-Хуулийн үзэл баримтлалыг анх боловсруулахдаа гадаадын улс орнуудын шилдэг туршлагад үндэслэж, боловсруулсан. Үүн дээр хамгийн гол яригддаг зүйл нь тухайн төв банк бие даасан, хараат бусаар ажиллахын тулд үйл ажиллагааны зорилт тодорхой байх ёстой. Хэн ч уншсан шууд ойлгогдохоор байх ёстой. Хоёрдугаарт, төв банкны удирдлагын бие даасан байдал буюу тухайн төв банкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох үндэслэл маш тодорхой байдаг. Ийм байснаар төв банкны хараат бус байдал илүү өндөр түвшинд хангагддаг нь судалгаагаар ч, онолоор ч нотлогдсон байдаг. Тухайлбал, Германд төв банкны хараат бус байдлын индекс 90-ээс дээш хувьтай байна. Хараат бус байдлын индекс 90-ээс дээш хувьтай улс орнуудад хуулиараа төв банкны зорилтыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Монголын хувьд одоогийн хуулиар төв банкны үндсэн зорилтыг “Төгрөгийн тогтвортой байдлыг хангах” гэж зааж өгсөн. Энэ нь инфляци уу, эсвэл аль нэг валютаар илэрхийлсэн төгрөгийн ханш уу гэх эргэлзээг бий болгодог. Зарим улсын хувьд эдийн засгийн бүтэц, онцлогоосоо хамаараад ханш болон үнийн тогтвортой байдлыг аль алийг нь авч үзсэн байдаг. Тухайлбал, БНХАУ гадаад валютын асар их нөөцтэй, бодлого нь угаасаа л экспорт руу чиглэсэн байдаг учраас ханшаа тогтмол барих боломжтой. Харин манай улсын хувьд нээлттэй зах зээлийн бодлготой, түүхий эдийн бүтээгдэхүүнийн экспортод тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй байгаа учраас төв банкны зүгээс ханшийг тогтмол барих боломж хязгаарлагдмал.
Тодорхой хугацаанд барьж чадсан ч валютын нөөцөө шавхах зэрэг эрсдэлийг дагуулж байдаг. Үүнтэй холбоотойгоор ханш өсөхөд төв банк ажлаа муу хийлээ гэх шүүмжлэл өрнөдөг. Үүнээс гадна төв банкны ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх үндэслэл маш тодорхой байх ёстой. Одоогийн хуулиар төв банкны ерөнхийлөгчийг чөлөөлөх үндэслэлийн нэг нь “ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол” гэж зааж өгсөн байгаа. Тэгвэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэдгийг хэрхэн дүгнэх вэ гэдэг нь нээлттэй асуудал, хувь хүний үнэлэмжийн л асуудал болчихоод байгаа юм. Тийм ч учраас бусад улс оронд төв банкны ерөнхийлөгчийг чөлөөлөх үндэслэлүүдээс ажил үүрэгтэй холбоотой асуудлыг бүрэн хассан байдаг. Оронд нь гэмт хэрэг хийсэн нь нотлогдсон, эсвэл мэдсээр байж буруу үйлдэл хийсэн гэх зэрэг маш нарийн зохицуулалтыг тусгасан байгаа юм. Монгол Улсын хувьд цаашдаа төв банкны тухай хуулинд эдгээр зүйл, заалтуудыг оруулахад анхаарах шаардлагатай.
-Төв банкны хараат бус байдал манайхтай ижил төстэй эдийн засгийн бүтэцтэй, 1990 оноос хойш чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн улс орнуудад ямархуу байдалтай байна вэ?
-Төв банкны бие даасан, хараат бус байдлыг сүүлийн үед ямар эрх зүйн онолоор тайлбарлаж байна вэ гэхээр “Үндсэн хуулийн эдийн засгийн онол” гэж байгаа. Энэ нь юу гэхээр тухайн нийгэмд байгаа оролцогч нар өөр өөрийн гэсэн ашиг, сонирхолтой. УИХ нэг ашиг сонирхолтой, сонгогч нар өөр нэг ашиг, сонирхолтой. Мөн хувийн хэвшил, бизнес бас нэг ашиг сонирхолтой. Энэ бүх ашиг сонирхлууд өөр өөрсдийн хуулиараа зохицуулагдаж явахаар хоорондоо зөрчилдөнө. Энэ зөрчилдөөнийг Үндсэн хуулиар зохицуулах буюу төрийн эдийн засгийн бодлого, мөнгөний болон татварын, санхүүтэй холбоотой бодлогуудын аль нь юу хийж болох, болохгүй вэ гэдгийг Үндсэн хуулиндаа зааж өгөх асуудал юм. Ингэснээрээ аливаа улсын эдийн засгийн бодлогын чиглэл нь тодорхой болдог.
Тухайлбал, өр тавьж улсаа хөгжүүлэх юм уу, дотоодын экспортоо нэмэгдүүлж, хөрөнгөө нэмэгдүүлснээр улсаа хөгжүүлэх юм уу. Татварын бодлого ямар байх вэ гэх зэргийг нарийн тайлбарласан онол юм. Энэ онол мөнгөний бодлого, төв банктай ямар холбоотой вэ гэхээр зарим улс оронд бие даасан хараат бус байдалтай төв банктай байна гэдгийг Үндсэн хуулиндаа зааж өгсөн байдаг. Бүр цаашилбал, төв банкныхаа зорилт буюу “Үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, бие даасан, хараат бус төв банктай байна” гэдгийг ч Үндсэн хуулиндаа тусгаж өгсөн байх нь бий. Жишээлбэл, Чили улс, Өмнөд Африк улс байна. Үндсэн хуулиндаа “Төв банк бие даасан, хараат бус байна” гэдгийг зааж өгсөн. Төв банкны бие даасан, хараат бус байдалд халдвал Үндсэн хуулиа зөрчсөн асуудал болдог гэсэн үг. Цаашилбал, тухайн улсын Засгийн газар, парламентын бүхий л шийдвэр Үндсэн хуулинд нийцтэй байх ёстой учраас ингэж зааж өгснөөр төв банкны хараат бус байдал илүү өндөр түвшинд хамгаалагдаж, дархлаатай болох юм.
Ярилцсанд баярлалаа