Т. Баярхүү: Авлигын нөхцөл байдлыг бодитоор харуулах гэж бичлэгийг олон нийтэд цацсан

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс олны анхаарал татаад буй зарим хэргийн  талаар тодрууллаа.


-Авлигатай тэмцэх газраас АТҮТ болон МХЕГ-ын хэлтсийн дарга нарын авлига авсан бичлэгийг өчигдөр /2019.07.29/ олон нийтэд цацсан.Бичлэгийг олон нийтэд ил болгосон цаад шалтгаан нь юу вэ?
-Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. МХЕГ болон АТҮТ ын газрын хэлтсийн дарга нартай холбоотой бичлэг, мэдээллийг цацсан нь хувь хүн рүү чиглэсэн асуудал биш. Хамгийн гол нь авлигын нөхцөл байдал ийм байна гэдгийг бодитоор харуулах гэж бичлэгийг олон нийтэд цацсан. Сүүлийн үед манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл их гарах болсон. Хэрэг шалгагдаж байгаа этгээд, шүүхээс шийдвэрлэгдсэн гэм буруутай нь тогтоогдсон иргэдийн зүгээс байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, олон нийтэд сөрөг мэдээлэл өгсөн, иргэдийн итгэлийг алдагдуулахад чиглэсэн мэдээллийг тараадаг болсон. Энэ нь эргээд маш их хор, уршигтай байна л даа. Тиймээс бид бодит байдал, нөхцөлийг олон нийтэд жишээ болгож ил болгосон төдий.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар яг ямар хэлбэрээр авлига авсан нь тогтоогдсон юм бэ?

-Иргэд, аж ахуйн нэгжүүд хилээр гарч байгаа мал, ургамлын гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг  оруулж, гаргах болгондоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөл авдаг. Энэхүү үйл ажиллагаандаа иргэд, аж ахуйн нэгжийг хясан боогдуулах замаар авлига авдаг байсан нь тогтоогдсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түргэн муудаж болзошгүй хүнсний бүтээгдэхүүний асуудал хурдан хугацаанд яригддаг. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлэх замаар авлига авдаг байсан юм билээ.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгагдаж байсан Н.Төмөрбат шүүгч АНУ-ын хил дээр их хэмжээний баригдлаа их мэдээлэл гарсан. Тэр хүнийг АНУ-аас авч ирж, шалгах асуудлыг хөөцөлдөж байгаа юм уу?

-Энэ хэрэг дээр мөрдөн байцаалтын ажил явж байна. Энэ хүрээнд нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа. Хилийн хорио тогтоох эсэх нь шүүхийн байгууллагын эрх хэмжээний асуудал. Ер нь гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд хилээр гарахыг завдсан бол буцаах асуудал яригдана гэсэн үг. Одоогоор хэн нэгэн нь буруутай эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …