Автобусны яндангаас хаягдах тортгийг шүүж, цэвэршүүлэх зориулалттай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд  Улаанбаатар хотын “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF (Diesel Particulate Filter) суурилуулж, утааны РМ ялгарлын бууралтыг турших төсөл”-ийг 2017-2019 оны хооронд амжилттай хэрэгжүүлэн дуусаж байгаа юм. Уг төслөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотод хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр “Хангарди” ордонд боллоо. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав”, “Сутайн буянт” компанийн төлөөллүүд, Японы Элчин Сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Мацухаши Томоюки, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамура, төслийн удирдагч Масанори Комори нар болон бусад холбогдох албаныхан байлцав.

Ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан төслийн хүрээнд гарсан үр дүнг онцолж хэлээд талархлаа илэрхийллээ. Тэрбээр “Төслийн хүрээнд манай улсад ашиглагдаж байгаа хүхэр ихтэй дизель түлшинд ашиглах боломжтой DPF шүүлтүүрийг 24 автобусанд суурилуулсан. Бодит туршилтаар хорт утааг 97 хувь хүртэл бууруулсан үзүүлэлт гарч цаашид хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох нь баталгаажсан” гэв.

Жайка олон улсын байгууллага нь 2017 оноос Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр суурилуулж, утааны РМ ялгарлын бууралтыг турших төслөө хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав”, “Сутайн буянт” гэсэн гурван компанийн 24 автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF (MoCobee CT-3 загвартай) болон иж бүрдлийг Япон улсын Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй суурилуулж, өнгөрсөн оны долдугаар сараас туршилтын ажлыг эхлүүлсэн байна.

Тортгийн шүүлтүүр нь дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн яндангаас гарах их хэмжээний тортгийг шүүж, агаарт хаягдах утааг цэвэршүүлэх зориулалттай систем юм байна. Уг төхөөрөмжийг Японд анх 2003 оноос туршиж эхэлсэн бөгөөд дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машин, гал унтраах машин зэрэгт голлон нэмэлтээр суурилуулан өнөөг хүртэл 15 жил гаруйн хугацаанд тасралтгүй ашигласан хамгийн аюулгүй, найдвартай систем аж.

Улаанбаатар хотод хүлээлгэн өгч буй тоног төхөөрөмжийн жагсаалт:

No. Төрөл/Загвар Тодорхойлолт Тоо
1 Дизелийн Тортгийн Шүүлтүүр (ДТШ),

Загвар: Мокоби СТ-3

Үйлдвэрлэгч: Комотек корпорац

Токио хот орчмын 8 аймгаас олгогдсон БО-ны 002-Д гэрчилгээ

24
2 ДТШ цэвэрлэгч

Загвар: Мокоби RE

Үйлдвэрлэгч: Комотек корпорац

Ажилласан ДТШ цэвэрлэх зориулалттай Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан

15
3 Утааны тортогшил хэмжигч багаж, Загвар: MEXA-600S Үйлдвэрлэгч: HORIBA 3
4 Хөдөлгүүр цэвэрлэгч,

Загвар: Diesel Pro

Үйлдвэрлэгч: Advantage Engineering, AEC Group Inc.

Тусгай зориулалтын цэвэрлэгээний шингэний хамт

3
5 Нүүрстөрөгчийн дутуу исэл мэдрэгч, Загвар: EC-600 Үйлдвэрлэгч: REKEN KEIKI Co., Ltd. 6
6 Drive Recorder,

Загвар: XDR-66URG

Үйлдвэрлэгч: WATEX CO., LTD. 24

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …