Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр АНУ-ын Денвер хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Монгол Улсын Өргөмжит консул, Денвер-Улаанбаатарын Эгч дүүс хотуудын зөвлөлийн тэргүүн Жэймс Вагенландер тэргүүтэй төлөөлөгчид байлцсан бөгөөд талууд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэв.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар Денвер хот 2001 онд ах, дүүгийн харилцаа тогтоосноос хойш найрсаг хамтын ажиллагаа маань өргөжин тэлж байна. Манай хотын захиргааны зүгээс мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах зорилгоор Денвер хотод богино хугацаанд дадлагаар ажиллуулж, туршлага солилцох хүсэлтэй байна. Цаашид хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, олон салбарт хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.
Денвер хотын төлөөлөгчдийн зүгээс ирэх сард хотын Захирагчийг албан ёсны айлчлал хийхийг уриад, хоёр хотын захиргааны ажилтнуудыг туршлага солилцох, богино хугацаанд дадлагажуулах асуудлыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.