Польш улсын нийслэл Варшавт энэ сарын 2-4-нд болсон чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд Монгол Улсаас оролцсон гавьяат тамирчин С.Батцэцэг эмэгтэйчүүдийн 68 кг-д түрүүлж, тус тэмцээний хошой аварга боллоо. Мөн 65 кг-д ОУХМ Х.Болортуяа алтан медаль хүртэж, төрийнхөө дууллыг эгшиглүүлэв.
Манай улсаас тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр шигшээ багийн 10 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн баг нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга мөнгөн медаль хүртсэн бол, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 59 кг-д А.Батцэцэг нар хүрэл медалийн эзэн боллоо.