Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн онцлог бүхий уран бүтээлээр хүч төрөн орж ирсэн дуучин бол МУСТА Ганболдын Дэлгэрцогт юм. Тэрээр “Үлэмжийн гоо” нэртэй анхны уран бүтээлийн цомгоо гаргаж анхны бие даасан тоглолтоо хүргэж байсан нь саяхан мэт. Тэрээр 1950-иад оны сүүлчээр гарч байсан “Шөнийн бороо” дууг 60 жилийн дараа дахин дуулж мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлэлт авсан билээ. Түүний “Миний нандин” уран бүтээл гарч телевиз, фмийн хамгийн их захиалгатай, гар утасны CRBT үйлчилгээний таталтын тоог гурван улирал дараалан тэргүүлж нийтийн дууны ертөнцөд рекорд тогтоосон. Өмнө нь “Нандин” гэдэг үг орсон дуу олон гарч байсан боловч “Миний нандин” шиг “Нандин” гэдэг үгийг тренд болгосон нь ховор гэвэл хилсдэхгүй байх.
Нандин гэдэг үгийн нан – дотоод, дин – шүтээн гэсэн утгатай. Бусдад үзмэр болгохгүй дотроо сүслэн дээдэлдэг эрхэм шүтээн гэсэн утгатай үг юм.
….Нандин нандин гээд
Нарнаас нуултай биш дээ
Хэн хэндээ итгэхэд
Хэцүү бишээ дурлал минь…. гэж хүн болгон даган дуулж, хамгийн эрхэм нандин хүндээ зориулах дуугаа оллоо хэмээн сэтгэгдэл үлдээж байна. Үлэмж тансаг аялгууг, үнэнч ариухан хайрыг, үүрд дурсагдах амьдралыг, үлэмжийн гоо бүхнийг дуулах дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” дууны шинэхэн клип үзэгч түмэнд хүрч үзэгч түмний хандалт сайн байгаа сурагтай. “Үлэмжийн гоо” дууны клипийг 2B intertaiment-ийн хамт олон бүтээсэн бол дуучин Г.Дэлгэрцогт өөрөө клипэндээ тогложээ. Ингээд та бүхэн дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо”-г хүргэж байна.