Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв жил бүр допингийн шинжилгээ авдаг журамтай. Энэ дагуу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авчээ.
Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг хэд хоногийн өмнө Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн бөгөөд хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл бий.
Шинжилгээний хариуг утсаар мэдэгдсэн талаар бөхчүүд цахим хуудсаар дамжуулан мэдэгдээд байна. Тухайлбал, Улсын аварга С.Мөнхбат “Сайхан намаржиж байна уу. Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу ирсэн байна. Миний биед ямар нэгэн допингийн бодис илрээгүй нь тогтоогдсон” гэжээ. Мөн Улсын аварга Н.Батсуурь “Допингийн шинжилгээний хариу ирсэн байна. Миний биед ямар нэгэн допингийн бодис илрээгүй нь тогтоогдсон”гэдгээ мэдэгдсэн бол Улсын өсөх идэр начин Э.Энхбат “Наадмаас хойш хөдөөгүүр явж байгаад өнөөдөр утсаа асаасан чинь наадмын комиссоос над руу залгаж, допингийн шинжилгээний хариуг мэдэгдлээ. Надаас хориотой бодис илрээгүй байна” гэв. Одоогийн байдлаар хориотой бодис илэрсэн хоёр бөхийн нэрийг зарлаагүй байна. Хориотой бодис хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг хэзээ зралах вэ
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД ШӨВГӨРСӨН 16 БӨХ
Улсын аварга Ч.Санжаадамба
Улсын аварга Н.Батсуурь
Улсын аварга С.Мөнхбат
Улсын арслан П.Бүрэнтөгс
Улсын аварга Э.Оюунболд
Улсын арслан Ц.Содномдорж
Улсын гарьд Б.Гончигдамба
Улсын харцага Б.Бат-Өлзий
Улсын өсөх идэр начин Э.Энхбат
Улсын начин Д.Анар /Улсын харцага цол хүртсэн/
Улсын начин Д.Цэрэнтогтох
Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Улсын начин цол хүртсэн/
Аймгийн арслан Н.Баярбаатар /Улсын начин цол хүртсэн/
Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Улсын начин цол хүртсэн/
Аймгийн арслан Б.Цэдэнсодном /Улсын начин цол хүртсэн/
Аймгийн арслан А.Давааням /Улсын начин цол хүртсэн/