Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.08.12) АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч Я.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар элэгний өвчлөлийн тархалт болон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар товч танилцуулсан юм. Тэрбээр, “ДЭМБ-аас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх баг энэ долоо хоногт ирж байна. Клиникийн гурван судалгааны ажил эхлэхээр бэлтгэл ажлаа дуусгасан. Элэгний С вирусийн архаг халдвартай хүний тоо Улаанбаатар хотод 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 2.3 дахин буурсан. Нийт тоогоор авч үзвэл 62 орчим мянган хүн эдгэсэн байна. Харин элэгний В, Д вирусийн шинэ эмчилгээ 23 улсад хийгдэж байна. Манай улсад клиникийн эмнэл зүйн судалгааны ажил эхлэх гэж байгаа. Мөн элэгний хорт хавдрын эмчилгээний талаар өнөөдөр салбарын сайдад танилцууллаа. Олон улсад манай улс жишиг болохуйц үзүүлэлттэй байгаа. Энэ эрчээ алдахгүй ажиллавал 2020 оны сүүлээр элэгний С вирусийн голомтыг 80-90 хувь хүртэл бууруулах боломжтой” гээд, энэ хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.
Дараа нь Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Глен элэгний хорт хавдрын эсрэг нээсэн эмчилгээнийхээ талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр, сүүлийн 30 жилийн турш элэгний В, Д вирус, элэгний хорт хавдрыг эмчлэх талаар клиникийн судалгаа хийж байгаа аж.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний өвчлөлийг бууруулахаар тусгасны үндсэн дээр “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын явц, үр дүн сайн байгаа” гээд Стэнфордын их сургууль болон ноён Жеффри С.Гленнтэй элэгний өвчлөл, элэгний хорт хавдрыг бууруулах, эмчлэх чиглэлээр бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Манай улсад халдварт бус өвчин, тэр дундаа элэгний өвчлөлийн суурь шалтгаануудын нэг нь архи, тамхи, чихэрлэг бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ байдаг учраас хууль, эрх зүйн орчны хүрээнд тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг эмч нар уулзалтын үеэр хэлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-аас архи, тамхины асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Та бүхэн бидэнтэй энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэлээ. 1992 оноос хойш төрсөн бүх нярайг вакцинжуулж эхэлснээр элэгний В вирусийн халдвартай хүний тоо эрс буурсан. Харин 40-өөс дээш насныхны дундах өвчлөл их байгаад анхаарлаа хандуулж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах тал дээр парламентын зүгээс ойрын үед анхаарч ажиллана гэлээ.
Уулзалтад Монгол Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Д.Бадарч, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор, дэд профессор, хүний их эмч Г.Зулхүү, Монголын гастроентрелогийн холбооны ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч Д.Даваадорж, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Наранжаргал нар байлцав.