Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх долдугаар сарын судалгааг өнөөдөр /2019.08.15/ танилцууллаа. Судалгаанаас харахад, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 194.4 мянган төгрөгөөр өсчээ. Өрхийн орлого өсөхөд цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 203.5 мянган төгрөгөөр өсөв. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4 мянган төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлсөн байна.
Өрхүүдийн мөнгөн орлогоор бүлэглэн авч үзвэл, 2019 оны хоёрдугаар улиралд:
- 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 38.5 мянгаар
- 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар тус тус буурчээ.
Харин 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 24.6 мянга, 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгдсэн байна.
Өрхүүдийн мөнгөн зарлагаар бүлэглэн авч үзэхэд 2019 оны хоёрдугаар улиралд:
- 300 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 26.8 мянга,
- 300-500 мянган төгрөгийн зарлагатай өрх 37.8 мянгаар тус тус буурчээ.
Харин 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 20.7 мянга, 2.1 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 46.3 мянгаар нэмэгджээ.