Нийслэл Улаанбаатар хотын хоймор Чингэлтэй хайрхан уулын энгэр бэлд бүтээн байгуулсан “Эрдмийн задгай театр”-ын нээлтийн арга хэмжээ энэ сарын 18-нд буюу ням гарагт болно.Тус задгай театр нь Чингэлтэй дүүргийн XIX хороо, Дээд салхитад байгалийн цогцолборт байрлаж буйгаараа онцлог бөгөөд соёл, урлагийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой аж.
Уг театрын талбайг тохижуулахдаа эх орныхоо байгалийн гантиг чулуугаар зөв гурвалжин, тэг дөрвөлжин дүрсүүдийг ашиглан эртний монгол зурхайн ухааны бэлэгдлийг шингээхийг зорьсон байна. Талбайг дугуй хэлбэрээр засахдаа дөрвөн ширхэг зөв гурвалжин, гурван ширхэг тэг дөрвөлжнийг үүсгэн байрлуулжээ. Мөн \дорнын зурхайн 12 жилийг ивээл болон харш жилүүдээр нь харгалзан нэгэн зөв гурвалжин, тэг дөрвөлжний оройнуудад байрласан байхаар дүрсэлсэн бөгөөд өрнийн зурхайн 12 ордыг, монгол цаг тооллын уламжлалыг ч хадгалан дүрслэсэн байна.