Хэрвээ цагдаа таныг шалгах бол эхлээд өөрийгөө танилцуулж, нэр цолоо хэлэх дүрэмтэй

c39c6d00622355febigЦАГДАА ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХ ЁСТОЙ
Та иргэний хувьд хууль зөрчөөгүй л бол юу ч хийх эрхтэй бөгөөд ямар ч цагдаа тодорхой үндэслэлгүйгээр хэзээ ч эрхийг тань хязгаарлах ёсгүйг иргэн та хамгийн түрүүнд санах хэрэгтэй. Иймээс таныг тайван алхаж явахад чинь цагдаа зогсоож эхлээд эелдэг харьцах үүрэгтэй. Цагдаа танд дөхөж ирээд: – Өөрийгөө танилцуулаад /аль дүүргийн, хорооны цагдаа, ямар цолтой, ямар үүрэг гүйцэтгэж яваа, хэн гэдэг нэртэй, хэд гэдэг дугаартай цагдаа гэдгээ хэлэх ёстой/ – Үнэмлэхээ үзүүлэх ёстой. – Өөрийгөө танилцуулж, үнэмлэхээ үзүүлэх нь танд хэнтэй харьцаж байгаагаа мэдүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл “….Амрыг эрье, ахлах ахлагч Дорж” гэж биш, харин “Амрыг эрье, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн туслах жижүүр 00000000 хувийн дугаартай цагдаагийн ахлах ахлагч Цэндийн Бат” гэж танилцуулаад, үнэмлэхээ үзүүлэх ёстой. Хэрвээ цагдаа өөрийгөө танилцуулахгүй бол дүрмээ зөрчиж байгаа хэрэг. Тиймээс гомдол гаргах эрхтэй. Цагдаагийн дүрэмд боломжтой бүх тохиолдолд өөрийгөө танилцуулах үүрэгтэй гэж заасан байдаг.

ТА ӨДРИЙН ЦАГААР МАШИНДАА СУУЖ ШАЛГУУЛАХ ЁСТОЙ
Таныг машинаа жолоодож явахад тань цагдаа зогсоовол өдрийн цагаар машиндаа сууж, оройн цагаар машинаасаа бууж цагдаатай харьцана. Үүнд: өдрийн цаг нь 06,00-22,00, оройн цаг нь 22,00-06,00 цаг болно. Цагдаа өөрийгөө танилцуулаад үндсэн хоёр зүйлийг хэлж өгөх ёстой. – Яах гэж тухайлан зогсоож байгаагаа тайлбарлах үүрэгтэй. Хэрэв танд тайлбарлахгүй бол тайлбарлахыг шаардах, бүр даргад нь гомдол гаргах эрхтэй. – Цагдаа танд хууль ёсны шаардлага тавих эрхтэй. Гэхдээ амандаа бувтнаад өнгөрвөл, эсвэл тодорхой хэлж өгөхгүй бол лавлаж асуух эрхтэй.

ЦАГДАА ТАНД ҮЗЛЭГ ХИЙХДЭЭ НЭР ТӨРИЙГ ТАНЬ ХӨНДӨХӨӨРГҮЙ ОРЧИНД ҮЗЛЭГ ХИЙХ ҮҮРЭГТЭЙ
Цагдаа танд юуны учир үзлэг хийх гэж байгаагаа тайлбарлах үүрэгтэй. Хэрэв танд тайлбарлахгүй бол та асууж мэдэх эрхтэй. Мөн та хоёроос дээш гэрч, хэрэгтэй бол эмч байлцуулахыг шаардах эрхтэй. Та гэрч дуудах эрхтэй, таныг эрхээ эдлэхэд цагдаа туслах үүрэгтэйг бүү мартаарай. Таны нэр төрийг хөндөхөөргүй орчинд үзлэг хийх үүрэгтэй. Олноос зайдуу газар ч юмуу, холхон үзлэг хийхийг та шаардах эрхтэй. Цагдаа биелүүлэх үүрэгтэй.

ЦАГДАА ХЭРХЭН ХҮЧ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ВЭ?
Хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд танд хуулийн дагуу гав, бороохой, зэвсэггүй тулалдах мэх, байлдааны самбо каратье болон галт зэвсгийг таны гаргасан зөрчил болон эсэргүүцэлд тохируулан хэрэглэх эрхтэй байдаг. Хэр хэмжээ, стандартыг тохируулахыг хуульчлан заасан. Иргэн та энэ талаар өндөр мэдлэгтэй байвал цагдаагийн алба хаагчийн буруу үйлдэл, хүч хэтрүүлэн хэрэглэж буйг таслан зогсоож, дуугүй өнгөрөлгүй зохих байгууллагад хандан гомдол гаргах эрхтэй. Тусгай хэрэгсэл, мэхийг хуулийн үндэслэлгүй буюу буруу хэрэглэсэн зөрчлийг давтан гаргасан цагдаагийн алба хаагчийг энэ албанд ажиллах найдваргүй хүн гэж үздэг тул эрхийг тань зөрччихөөс нь сэргийлж заавал гомдол гаргах хэрэгтэй.

ЦАГДАА ТАНД ХҮЧ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?

Цагдаагийн алба хаагч нь гавыг хэрэглэхдээ хүйтний улиралд хүний биеийн ил хэсэг хайрагдахаас эсхүл үл хөдлөх зүйлтэй холбон гавлахдаа тухайлбал халуун пааранд түлэгдэх зэргээс сэрэмжлэн гавлах ёстой. Цагдаагийн алба хаагч нь гав хүний биед шигдэн орох, чангаран судсыг нь боох зэвсгээс сэрэмжлэн тодорхой хугацаанд ойр ойрхон шалгаж байх ёстой. Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэгч гараа хүлүүлсэн ч эсэргүүцлээ зогсоохгүй бол дөрвөлжин хүлгийг хэрэглэдэг. Гэвч энэ хүлгийг нэг цагаас илүү хугацаагаар хэрэглэж болохгүй гэж хуульд заасан байдаг. Мөн хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд хэрэглэдэггүй. Гавыг стандартын гав мөн эсэхэд та хяналт тавих эрхтэй. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, илт эсэргүүцсэн, хамгаалалтад байгаа объект уруу бүлэглэн довтолсон, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж байгаа үед уг үйлдлийг таслан зогсоох, хамгаалах зорилгоор резинэн болон цахилгаан бороохойг хэрэглэдэг. Резинэн бороохойгоор хүний биений толгой болон хэвлий, зүрхэн тус газар, бөөрний харалдаа, нуруун тус газар цохихыг хориглодог. Цахилгаан бороохойгоор хүний нүүрэн тус газар, биеийн ил хэсэгт хэрэглэхийг хориглодог. Стандартын бороохойгоор бороохойдож байгаа эсэхийг анзаараарай. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйгээс учирсан болон эсэргүүцэл үзүүлсэнээс үүссэн хохирлыг та хариуцна. Харин танд хууль бусаар хүч хэрэглэн хохирол учруулбал, мөн эсэргүүцээгүй байхад хориглосон газруудад бороохойдсон бол буруутай цагдаагийн алба хаагч буюу төр таны хохирлыг 100 хувь барагдуулах үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын алба хаагч албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдад хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэсний дараа тухайн этгээдийн эсэргүүцэл зогссон үед эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлэх үүрэгтэй байдаг.

Цагдаагийн ахлах дэслэгч Д.Мягмаржав

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …