Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, үе үеийн гэрэл зурагчид болон албаны хүмүүс оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Халх голын байлдааны бодит үнэнийг өнөөдөр гэрэл зургаар харуулж байгаа нь түүх үнэнээрээ байх нь ямар үнэ цэнэтэй байдаг гэдгийг өнөө үеийнхэнд таниулсан арга хэмжээ болж байна. Монгол Улсын тусгаар тогтноол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард түмний амар амгалан амьдралын үнэ цэнийг бий болгохын тулд тулалдаж явсан цэрэг дайчдын эрэлхэг үйл хэргийг хэзээ ч, хэн ч мартаж бологүй гэдгийг сануулсан чихал ач холбогдолтой арга хэмжээ гэж бодож байна. Ялангуяа бидний хойч үе болсон хүүхэд багачууд, залуучуудад тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж, илүү их нандигнаж байх ёстой гэдгийг таниулахад ихээхэн хувь нэмэр оруулж буй учраас өнөөдрийн үзэсгэлэн зохион байгуулж буй та бүхэнд талархал дэвшүүлье. Монгол, Оросын ах дүүгийн найрамдалт түүхэн харилцаа улам өргөжин хөгжиж, үүрд батжин бэхжихийн ерөөлийг өргөе” хэмээв.
МОНЦАМЭ агентлагийн архивт хадгалж буй “Дайсны байлдааны нисэх онгоц сөнөсөн газар дээр”, “Зөвлөлт-Монголын цэрэг тулалдааны өмнө”, БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан Зөвлөлт-Монголын дайчидтай уулзаж байна”, Халх голын байлдаанд олзлогдсон япон цэргүүдийн хувийн эд зүйлс, Монгол Улс, ОХУ-ын зэсвэгт хүчний терроризмын эсрэг “Сэлэнгэ-2015” хамтарсан хээрийн сургууль зэрэг 20 гаруй гэрэл зураг, Оросын талаас “Монгол Улсын нутаг дэвсгэрт байрласан Зөвлөлтийн Армийн нэгдүгээр бүлэглэлийн командлагч Георгий Жуков”, “Халх голын тулалдааны үеэр Зөвлөлт, Монголын дайчдын олзолсон зэр зэвсгийн үзэсгэлэн”, “Халх голын орчимд Улаан армийн цэргүүдэд олзлогдсон япон цэргүүд”, “Зөвлөлтийн офицерууд олзлогдсон япончуудыг Халх голын байлдааны үеэр байцааж байгаа нь” зэрэг 36 гэрэл зургийг дэлгэн үзүүлж байна.