Б.Рожэрс: Стиви одоо ч World Class хэвээрээ байгаа

 Өдгөө 33 настай Английн шигшээ болон Ливэрпүүл клубын ахлагч Стивэн Жэррард Польшийн эсрэг тоглоход оруулсан хоёр гоолын нэгийг нь хийж багаа ялалтад хөтөлсөн бөгөөд энэхүү ялалт нь Гурван арслангуудад ирэх жил Бразилд болох ДАШТ –нд оролцох эрхийг баталгаажуулж өгсөн юм.

Улирал эхэлснээс хойш бүх тоглолтод оролцож байгаа ахлагч маань АПЛ –ийн өнгөрсөн тойрогт Кристал Паласын эсрэг 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр лигийн 99 дэх гоолоо оруулсан билээ. Мэнэжэр Брэндан Рожэрс энэ талаар хэлэхдээ:

“Стивиг талбайд байгааг нь ялангуяа долоо хоногийн дундуур харах нь үнэхээр гайхалтай байдаг. Хүмүүс ярьдаг л даа, Жэррард бол лидер болон капитан гэж, гэхдээ тэд Жэррардыг одоо хүртэл World class түвшиндээ байгаа гэдгийг мартаад байх шиг байна. Тэр гайхалтай авъяастай. Хэд хоногийн өмнө хийсэн түүний гоолын хувьд байдаг л гоол. Тэр хурд хүчээрээ хамгаалагчийг илүүрхэж гарсан, төгсгөлийн мөчид бүгд түүнийг алдчихлаа гэж бодоход тэр торыг хөдөлгөж чадсан.

Би энд анх ирэхээсээ л мэдэж байсан, Стиви бол миний урьд өмнө нь хамт ажиллаж байсан тоглогчдоос хамгийн шилдэг нь. Өндөр хэмнэлтэй тоглолтод үзүүлдэг түүний чанарууд нь гайхшруулмаар. Өмнө нь би Челсигийн од тоглогчидтой, Суонсигийн сайчуултай хамтарч ажиллаж байсан ч Стивэн бол тэднээс гоц нэгэн. Миний бодлоор түүн шиг тоглогчид улсаа төлөөлж байгаа учраас Англичууд тэднээр бахархах хэрэгтэй гэж санагдаж байна.

Би өмнө нь ч хэлж байсан, одоо давтаад хэлье. Стивэн бол өөрийнхөө эрүүл мэндэд маш их анхаардаг, хийж байгаа бүх зүйлдээ мэргэжлийн талаас ханддаг, бас дахиад хэдэн жил одоо байгаа шигээ өндөр түвшинд тоглох бүрэн боломжтой. Тэр үргэлж эргэн тойрондоо болж байгаа зүйлсэд анхаарлаа хандуулдаг. Гэхдээ тэр их ярих дуртай биш, харин түүнийг ярьж байхад бусад бүх хөлбөмбөгчид түүнийг анхааралтай сонсдог. Бүгд түүнийг хүндэлдэг. Тэр үргэлж баг яаж ч тоглосон бай бүх хариуцлагыг үүрдэг, зөвхөн өөрийгөө хэзээ ч боддоггүй. Үүгээрээ тэрээр клубтээ болон шигшээдээ маш том тусыг хүргэж байгаа юм.

Шигшээдээ дуудагдаад Стиви маш сайн тоглосон. Тэр талбайд бүхнээ зориулдаг. Тиймдээ ч шигшээдээ зуу гаруй тоглолтыг хийгээд байна. Байрлалын хувьд тэр хаана тоглож байгаа нь нэг их чухал биш л дээ, тэр үргэлж шигшээдээ тоглохдоо бахархалтай байдаг. Би түүнтэй өдөр болгон ажиллаж байгаа болохоор шигшээ багтаа туслаж байгаадаа хичнээн их баяртай байдгийг нь би мэднэ.

Миний бодлоор дараа жил бол түүний хувьд олон улсын түвшинд тоглох сүүлийн жил нь болно байх. Тэр өөрөө ч үүнийг ойлгож байгаа байх. Тийм учраас амжилтад хүрэхийн тулд тэр бүхий л бололцоогоо дайчилна гэдэгт би итгэлтэй байгаа. Олон жилийн туршид Англид маш сайн ур чадвар техниктэй тамирчид төрсөөр байгаа, гол нь тэдэнд хэр их хүч зарцуулах л явдал юм” хэмээн ярьжээ.

Ливэрпүүл сүүлийн тоглолтдоо Кристал Паласыг итгэлтэйгээр хожсон ч Рожэрс өөрийнхөө тоглогчдод дахиад хийх зүйл олон байгаа гэдгийг хэлсэн гэнэ.

“Бид багаараа урагшилж байна гэдэг нь чанартай тоглолт үзүүлэх болноо гэсэн үг. Премьер Лиг бол – маш хүнд хэцүү тэмцээн. Би тоглолтын чанарын талаар ярьж байгаа. Яагаад гэвэл ердийн гурван оноо нь надад хангалтгүй. Намайг үргэлж багийн тоглолтын хэмнэл санаа зовооход хүргэдэг байсан. Бас тоглолтынхоо хэв маягийг хадгалж үлдэх. Гэхдээ би өнөөдрийнхөө хүрсэн амжилтыг үгүйсгэхгүй, хэрвээ үр дүнгийн талаар ярих юм бол тэр нь агуу байсан, Английн Лигийн өрсөлдөөн дэлхийд шилдэг нь шүү дээ.

Миний эгнээнд сайн сайн тоглогчид олон байгаа, цаг нь болохоор бид үүнээс ч илүү түвшнийг үзүүлнэ. Бид үргэлж улам улмаар сайжрахыг хүсч тэмүүлдэг. Хэрвээ бид тоглолт бүрдээ ялж чадаж байвал надад маш сайхан байх болно.

Өнгөрсөн улиралд бид Ньюкастлийн эсрэг сайн тоглолтыг үзүүлсэн. Бид тоглолтыг сайхан эхлүүлж хурдан гоол хийж чадсан. 2 –р хагаст эхний 10 минутын турш бид тэднийг зогсоох шаардлагатай болсон. Үүний дараа 3 дахь гоол орсон. Бид бүрэн тоглолтыг гартаа авсан байсан, дамжуулалтууд, талбайг байрлалаа зөв эзлэх, довтлогооны төгсгөлүүд зэрэг нь маш өндөр түвшинд байлаа.

Гэхдээ энэ бүгд нь Бямба гарагийн тоглолтод ямар ч нөлөө үзүүлэхгүй. Бидний өмнө маш хэцүү тоглолт байна. Гэхдээ бид өөрсдийнхөө боломж бололцоонд итгэлтэй байгаа. Бид тоглолтыг тэсч ядан хүлээж байгаа, бид үргэлж бэлэн байдлаа хадгалж тоглох шаардлагатай байна. Бүх тоглолтууд цомын финалд тоглож байгаагаас өөрцгүй. Тэд гэртээ төдийлэн сайн тоглолтыг үзүүлэхгүй байгаа ч 50 мянган үнэнч хөгжөөн дэмжигчид нь тоглолт бүрт багаа довтолсон маягийн тоглолт үзүүлэхийг хүсэх нь мэдээж.

Нэгэнт Ливэрпүүлийн тоглогчид өндөр хэмжээнд тогтвортой тоглохыг хүсэж байгаа бол энэ мэтийн тоглолтоос 3 оноо салгаж чадах нь их чухал юм” хэмээн Брэндан Рожэрс хэлсэн байна.

эх сурвалж: ливерпүүлфс.мн Б.Тодруул

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …