Улсын драмын эрдмийн театрын 2019 оны гурав дахь шинэ уран бүтээл болох зохиолч О.Элбэгтөгсийн зохиол, залуу найруулагч СТА А.Чингүний “Надтай Үлдээч” жүжиг 2019 оны есдүгээр сарын 6-ний өдөр буюу энэ Баасан гаригаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
О.Элбэгтөгсийн зохиол “Надтай Үлдээч ”уянгын драмын жүжгийн хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.09.04/ Улсын драмын эрдмийн театрын тайзнаа зохион байгуулагдлаа.
Тус хэвлэлийн бага хурал дээр зохиолч О.Элбэгтөгс энэхүү жүжгийн зохиолыг бодит амьдралаас сэдэвлэн бичсэн гэдгээ хэвлэл мэдээллийн байгууллагынханд дэлгэв.
Тус уран бүтээлийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран Монгол улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшүүлэх зорилгын хүрээнд хамтран хэрэгжүүлж үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Зохиолч О.Элбэгтөгсийн “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” зохиолыг залуу найруулагч СТА А.Чингүн уянгын драмын жүжиг болгон тайзнаа амилуулж буй бол тус жүжгийн дүрүүдэд жүжигчин СТА Б.Шинэбаяр, Д.Асардарь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, СТА О.Гэрэлсүх, СТА Ц.Баясгалан, СТА М.Тогтохжаргал СТА Э.Тодгэрэл, Б.Золжаргал Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид ажиллаж байгаа аж.
Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТеатрын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураач СТА Ч.Батболд, хувцасны зураач СТА Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагч СТА Х.Хашхүү, хөгжмийн зохиолч Ж.Батдөл, дууны найруулагч СТА Б.Батсайхан нар ажиллаж байна.