УИХ-ын ээлжит бус чуулганаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Ингэснээр үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтүүд тодорхой болсон юм. Тухайлбал 2000 онд орсон дордуулсан долоон өөрчлөлтийн нэг болох аливаа шийдвэрийг чуулганд оролцсон гишүүдийн олонхи буюу 20-иодхон хүний саналаар шийддэг байсныг өөрчилж, УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар буюу 39-өөс дээш саналаар шийдэж байхаар тогтлоо. Мөн УИХ-ын ажлын бүтээмжийг бууруулж хагас жил тутамд 75 хоног хуралддаг байсныг дордуулсан долоон өөрчлөлтөөр 50 болгоод байсныг энэ удаа буцааж 75 хоног болгов.
Түүнчлэн УИХ-ын хэтийдсэн эрх мэдлүүдийг хязгаарласан заалтууд орлоо. Жишээ нь Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ-аас дураар нэмж тойргийн ашиг сонирхлыг хүчтэй тусгадаг байсныг зогсоож, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно гэсэн заалтыг орууллаа. Иргэд олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулаасай гэж хүсч байсан нэг асуудал болох УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг мөн нэмжээ. Намуудын тухайд Улс төрийн намыг хариуцлагатай, бохир мөнгөнөөс хол байх, улс орон, ард нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг байх тухай заалтыг анх удаа Үндсэн хуулинд нэмж өгөв.
Шүүх засаглалын хараат бус байдлыг хангах чиглэлд дэвшил авчирлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг хараат бусаар, мэргэшсэн байдлаар бүрдүүлэх, боломжийг анх удаа зааж, шүүгчдийн ёс зүй, хариуцлагыг хянах гол механизм болох шүүхийн сахилгын хороотой болох заалтыг оруулсан байна. Дээрх гол гол сайн заалтууд орсон хэдий ч үндсэн хуулинд зайлшгүй оруулах байсан заалт нь хариуцлагатай тогтвортой, Засгийн газрыг бүрдүүлэх гол үндэс болсон Ерөнхий сайд танхимаа дангаараа бүрдүүлэх болон конструктив механизмыг УИХ дахь цөөн хэдэн гишүүний эсрэг саналаас болж унасан юм. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын хууль тогтоох чадамж, төлөөллийн чадамжийг сайжруулахын тулд гишүүдийн тоог 108 болгож нэмэх санал оруулсан ч олон нийтийн зүгээс эсэргүүцэж байсан учраас УИХ 76 гишүүн, 4 жилийн хугацаатай хэвээрээ үлдлээ. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах боломж тэр болгон тохиогоод байхгүй. Харин энэ боломжоо УИХ-ын гишүүд бүрэн ашиглаж үндсэн хуулинд дорвитой өөрчлөлтийг оруулж чадсангүй гэж улс төр судлаачдын зүгээс харж байна.Цаашид УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө батлаад явах уу, эсвэл ард нийтийн санал асуулгаар шийдээд явах уу гэдгээ шийдэх үлдэж байна.