Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн 2019 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын танилцуулга сонсох, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц” батлах асуудлыг дэмжих тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлах тухай, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн 380 жилийн ойн медаль, эмблемийн эх загвар батлах тухай зэрэг нийт 16 асуудал хэлэлцэж байна.
Нийслэлийн 2019 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хийсэн. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 249.7 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвт өртөг бүхий 460 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар баталжээ. Үүнээс одоогийн байдлаар 415 төсөл хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаж, 45 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа ажээ. Худалдан авах ажиллагаа зарлагдсан 415 төсөл арга хэмжээнээс гэрээ байгуулагдсан 180, гэрээ байгуулах эрх олгосон 92, техникийн үнэлгээ хийгдэж байгаа 80, тендерийн материал хүлээн авч байгаа 63 байгаа гэлээ.
Харин худалдан авах ажиллагаа зарлагдаагүй 45 төсөл арга хэмжээ байгаагаас тендерийн бичиг баримт боловсруулж байгаа 32, зураг төсөв ажлын даалгавар ирээгүй 11, үнэлгээний хороо байгуулаагүй 2 төсөл арга хэмжээ байгаа гэнэ.
Танилцуулгатай холбоотойгоор Тэргүүлэгчдийн зүгээс нийслэлийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажлын явц удаан, гүйтцэтгэл хангалтгүй байгааг шүүмжилсэн. Тухайлбал, Г.Төмөрбаатарын зүгээс хөрөнгө оруулалтаар хийгээд, хүлээж аваагүй ажлууд олон байгаа. Хүлээж аваагүй тав, зургаан жил болж байгаа барилгууд ч байгаа гэлээ. Түүнчлэн Тэргүүлэгч Д.Бадарсан “100 хувийн гүйцэтгэлтэй ажил алга байна. Гэрээ байгуулж байгаа, байгуулсан, үнэлгээний хороо байгуулсан гэсэн мэдээллүүд хийж байгаа нь чамлалттай байна” гэсэн юм. Үүнд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Худалдан авах ажиллагааны удаашрах шалтгаанууд олон байгаа. Ажлын нэр, зориулалт өөрчлөх, худалдан авах ажиллагаа явуулах эрх өөрчлөх гэх мэт олон асуудал байгаа. Бид анхнаасаа зураг нь хийгдээгүй, газрыг нь чөлөөлөөгүй ажлуудыг баталж өгсөн нь гүйцэтгэл хангалтгүй байх шалтгаан болж байгаа. Тиймээс энэ жил алдаагаа давтахгүй байхын тулд шийдвэр гаргах шатнаасаа анхааралтай байх ёстой” гэсэн хариулт өгсөн. Тэгвэл Тэргүүлэгч Ш.Үнэнбат “Худалдан авах ажиллагааны удаашрах нэг гол шалтгаан зураг төсөв байдаг. Зураг хянан баталгаажуулах явц маш удаан явдаг. Нэг ёсондоо нийслэлийн ажлыг Барилга хөгжлийн төв уяж байгаа шүү” гэсэн шүүмжлэлийг хэлж байв.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва асуудалтай холбогдуулан хатуухан шүүмжлэл хэлсэн. Тэрбээр “Та бүхэн нийслэлийн иргэдийн өмнө ажлаа тайлагнаж байгаа шүү. Тамгын газрын дарга чинь хаана байна вэ. Тэргүүлэгчдийн хурлаар ямар асуудал орж байгааг мэдэж байгаа юу. Энэ жилийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын гүйцэтгэл маш хангалтгүй байна. Ирэх сард тайланг дахин сонсоно. Тамгын газар ажиллах шаардлагатай байна. Ямар ч зохион байгуулалтгүй байна. Ажлаа эрчимжүүл, шалтгаан нөхцөлүүдээ эргэж хар, дүгнэлт хий” гэлээ. Ийнхүү Тэргүүлэгчдээс гарсан саналуудыг нэгтгэн тэмдэглэлээр үүрэг өгөхөөр боллоо.