Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 15. Санчир гараг. Шувуун хушуут одтой, таван шар мэнгэтэй хөх бар өдөр.
Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.