Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга өнөөдөр өөрийн сонгогдсон тойрог Баянзүрх дүүргийн VI, XXV хороодод ажиллаж, эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрх иргэдийн эрхийг ноцтой зөрчиж буй зарим хашаа, хашлагыг буулгах, газар чөлөөлөх талаар нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг өглөө. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VI хороо Бөхийн өргөөний зүүн урд талд байрлах, хуучнаар шинэ сонголт дэлгүүрийн зүүн талд зам дагуу зөвшөөрөлгүй хашлага барьсан байдалтай газар дээр нь танилцав. Иргэдийн зүгээс тус хашлагыг явган хүн зорчих хэсэгт барьж буй талаар бухимдалтай хандаж буйгаа олон нийтийн сүлжээгээр түгээж, эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл тус газарт “Халиун уул” гэх компани үйлчилгээний төв барьж буй бөгөөд өөрийн эзэмшлийн талбайгаас хашаа сунган барьсан, нийтийн эзэмшлийн талбайд цэцгийн мандал барьж буй хэмээн явган хүний зам дээр тоосгон хашлага барьсан нь иргэдийг ийнхүү бухимдуулаад байгаа аж. Ингэхдээ холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэнэ.
Ч.Гантулга: Зөвшөөрөлгүй, дураараа эхлүүлсэн ажлыг шууд зогсооно
Ингээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга тус асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
-Нийтийн эзэмшлийн талбай руу хашаагаа сунган барьсан байна. Та компанийн захиралтай уулзлаа. Ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ ажлыг шууд зогсооно. Компанийн зүгээс энд цэцгийн мандал тарих, сандал байршуулах ажил хийж байгаа гэж байна. Гэвч энэ үйл ажиллагаа нь ямар ч зөвшөөрөлгүй, хашаагаа өөрийн эзэмшлийн талбайгаас метр гаруй сунгаж барьсан учраас хууль, журам зөрчиж байгаа юм. Ер нь 13 хорооллын VI, XV, XVIII, XXV хороодод энэ мэт хуулиас гадуур үйл ажиллагаанууд хийгдээд байгаа. Тэр болгоныг бид аль болох таслан зогсоож ажиллаж байна. Ер нь өнгөрсөн энэ 10 гаруй жилийн хугацаанд замбараагүй газар олголт, газрын төлөвлөлтийн дагуу ажиллаагүй байдал, бодлого, төлөвлөлт буруу явснаас болж өнөөдөр байшин хороолол дунд хүүхдийн тоглоомын талбай барих ч газаргүй болчихсон байгаа юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид 10 гаруй байршилд улс нийслэлийн тоглоомын талбай барьж ажилласан. Нэмж ногоон байгууламж, тохижилт хийе гэхээр харамсалтай нь дандаа хувийн компаниудын өмчлөлд оччихоод байгаа юм. Ингээд эргээд нийтийн тав тухыг хангах ямар нэгэн ажил хийх боломжгүй болчихсон. Шүүх дээр очоод төр өөрөө бурууддаг ийм байдал үүсчихсэн. Энэ мэт олон асуудал тулгарч байна. Гэтэл бидний зүгээс иргэдээс сонгогдсоны хувьд авто зам, явган замыг сайжруулъя, төрийн үйлчилгээ үзүүлж байгаа сургууль цэцэрлэгийн тоог олон болгоё, хүртээмжийг сайжруулъя, өргөтгөлүүдийг барья, шинээр барья гэхээр газрын асуудалтай тулгарч байдаг. Тэгэхээр энэ бол яг л өнөөдөр энэ жишээнээс харагдаж байна л даа. Дураараа гарааш барьчихсан, явган хүний зам талбай руу орон сууцыг дураараа сунгасан, үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаад авчихсан. Одоо бид засч залруулах гэж оролдож байна. Газар бүрт дээр очиж ажиллаж байна. Хууль эрхзүйн хувьд хүндрэлүүд олон гарч байна. Цаг хугацаа их шаардаж байна. Шийдэх гарц нь Газрын алба нийтийн эзэмшлийн талбай дээр өмчлөх гэрчилгээтэй газруудын өмчлөгчтэй тохиролцож худалдаж авах арга л байна. Өөр хуулийн шийдэл алга. Тэгэхээр эзэмшиж байгаа эзэдтэй нь тохиролцож, байшин, хашаа, өргөтгөлүүдийг буулгах ажлыг хийж хэрэгжүүлнэ.
-Сая та тухайн байгууллагад энэхүү нийтийн эзэмшлийн талбайд хийж буй үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавилаа. Иргэдээс зөвшөөрөл аваад барина гэж ярьж байна. Энэ боломжтой юу?
-Бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой. Энэ бол нийтийн эзэмшлийн зам талбай. Энэ жил төсөвт энэ замыг дагасан явган хүний замыг тавихаар төлөвлөсөн. Гүйцэтгэгч компанийг шалгаруулаад, ажлаа хийж байгаа. Тэгэхээр энэ байгууллага нийслэл дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж цэцгийн мандал барих, тохижилт хийх зөвшөөрлөө авах ёстой байсан. Мөн иргэдээс асуух ёстой байсан. Бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс мод бут тарих ажил хийх гэж байна. Нийтийн эзэмшлийн талбайдаа ногоон байгууламж нэмэгдүүлэх гэж байна гэх ёстой байсан. Гэтэл энэ байгууллага шууд дураараа барьчихсан байна. Тиймээс энэхүү үйл ажиллагааг бид шууд зогсооно. Ерөнхий төлөвлөгөөний газраас нийтийн эзэмшлийн талбай дээр үүнийг барих боломжгүй гэсэн шийдвэр гаргавал шууд үйл ажиллагааг зогсоогоод, хашааг албадан буулгана. Надад энэ байгууллага хашаагаа сунгалаа гэсэн иргэдийн гомдол ирсэн. Гэтэл газар дээрээ ногоон байгууламж бариад байгаа юм шиг харагдаад байна. Үүнийг иргэд зөвөөр ойлгоод, өөрсдөө шийдэх ёстой. Миний зүгээс энэ талбайд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр замаа өргөсгөөд явах хэрэгтэй гэж харж байгаа.
Газар чөлөөлөлт хийсэн байршилд ногоон байгууламж байгуулна гэв
Үүний дараа тэрбээр тус дүүрэгт өмчлөх гэрчилгээтэй хэдий ч 10 гаруй жил үйл ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй, үйл ажиллагаа явуулаагүйгээс хогийн цэг үүсгэж, иргэдийн тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж буй хоёр байршилд очсон юм. Эхнийх нь Баянзүрх дүүргийн XXV хороо, Шинэ монгол сургуулийн баруун урд, 152 дугаар байрны чанх ар талын хоосон хашаанууд байлаа.
Тус газрын хувьд өмчлөх гэрчилгээ гарсан байдаг хэдий ч ашигладаггүй, Газрын албанаас өмчлөх эрхийг авсан иргэнтэй холбоо барихад “Надад тийм газар байхгүй” гэсэн хариултыг өгдөг аж. Тэгвэл энэхүү хашаануудыг шууд буулгаж тухайн байршилд ногоон байгууламж, тоглоомын талбай барих ёстой хэмээн тэрбээр үзэж байлаа. Хашаан дотор гүнзгий нүх ухсан нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, хүүхэд багачууд унаж амь эрстэх нөхцөл бүрдээд байгааг хэлж байв.
Мөн тэрбээр тус хороонд байрлах 256 дугаар цэцэрлэгийн зүүн тал, 71р байрны баруун талын хоосон хашааг буулгах талаар нийслэл дүүргийн Газар зохион байгуулалтын мэргэжилтэнд үүрэг чиглэл өгөв. Тус хашааны хувьд гүнзгий нүх ухаж орхисноос ус тунаж, бага хэмжээний нуур үүссэн байх бөгөөд хог, хаягдлаар дүүрч, өмхийрсөн байх аж.
Энэхүү хашаа байрлах газар иргэний өмчлөлд байдаг хэдий ч мөн л ашиглахгүй удсанаас ийм нөхцөл байдал үүсчээ. Иймээс тэрбээр уг хашааг буулган, ногоон байгууламж барих шаардлагатай хэмээн үзэж газар чөлөөлөлтийг дариу эрхлүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ