“Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор “Голден жим ” фитнесс клубийн багш Мягмаржавын Баатарыг урьж ярилцлаа.
-Эрүүлээр жингээ хасах гол үндэс нь эрүүл зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн гэж ярьдаг. Сүүлийн үед охид бүсгүйчүүд маш богино хугацаанд үр дүнгээ харах гээд хэт их дасгал хөдөлгөөн хийж хоолоо сойж байгаа нь харагддаг. Эрүүлээр жингээ хасах гол аргын талаар та зөвлөгөө өгнө үү?
– Галбиргүй болчихсон, таргалсан хирнээ жин хасна гээд жин дээрээ анхаарал өгөөд баахан жин хасчихдаг. Яг үнэндээ дасгал хөдөлгөөн хийлгүй жингээ хасвал галбиргүй хэвээрээ л байдаг. Дасгал хөдөлгөөн хийсний дараа тухайн хүний биеийн жин хэвэндээ байж болно. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийснээр тухайн хүний бие галбиржиж, булчингийн масс нэмж, биеийн тойргоосоо хасч эхэлдэг. Энэ нь нэн чухал.
Хүмүүсийг ажиглаж байхад нэгээс хоёр сар хоолоо сойж өлссөнөөр жин хасахтайгаа цуг булчингийн массаа алдчихсан байдаг. Энэ бол буруу. Эргээд хоёроос гурав хоног өмнө нь иддэг байсан зүйлээ идээд ирэхээр хасагдсан жин нь буцаад л нэмэгдэнэ. Тийм учраас дасгал хөдөлгөөн тогтмол хийгээд эрүүл зөв хооллоод эхэлбэл жин нэмэхгүй байх боломжтой. Ер нь хоолтойгоо дасгал хөдөлгөөнийг зайлшгүй хослуулах шаардлагатай.
Нэмж хэлэхэд жин хасахдаа гол нь биш, жин хасахгүй байж болно. Дасгал хөдөлгөөн хийгээд биеийн галбиртаа маш сайн анхаарах хэрэгтэй.
-Жингээ хасч байгаа бүсгүйчүүдэд уургаар баялаг ямар хүнсийг түлхүү хэрэглэхийг зөвлөх вэ?
-Өдөрт авах ёстой калор, уургийн хэмжээ гэж бий. Ер нь бол өдөр тутамдаа идэж буй хүнснээсээ 1.8 гр уургийг авч байх ёстой. Хүмүүс жингээ хасч байгаа гээд нүүрс усаа хасчихдаг. Энэ нь маш буруу. Ядаж өдрийн цагаар тодорхой хэмжээнд цагаан, гурвалжин будаанаас авах хэрэгтэй. Нүүрс усаа хүнснээсээ авч чадахгүй өндөгнөөс уургаа аваад өндөг дэглэм баривал ядарна. Өдөрт авах ёстой нүүрс ус, уургаа заавал идэж буй хүнснээсээ авах нь зүйтэй.
-Дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүс ядарч байна гэж ярьдаг шүү дээ. Дасгалаа хэт их ачаалалтай хийснээс ядардаг уу?
-Дасгал хөдөлгөөн хийж байгаа гээд хүмүүс ядраад яваад л байдаг. Энэ бол буруу. Дасгал хийж байгаагийнхаа хажуугаар маш сайн амрах хэрэгтэй. Дасгал хийж байгаа тухайн цагаа их үр дүнтэй өнгөрүүлэх нь чухал л даа. Гэтэл манайхан чинь “би л дасгал хийж байгаа гээд л” фитнесс зааланд үр дүнгүй дөрвөөс таван цаг өнгөрөөж харагддаг. Уг нь бол хоёр цагийн турш маш сайн үр дүнтэй фитнессээр хичээллэх л хангалттай.Үүнээс удаан дасгал хөдөлгөөн хийснээр ямар ч илүү үр дүн гарахгүй гэдгийг энэ дашрамд анхааруулж хэлмээр байна.
Мөн саунд суувал жин хасна гэж ойлгодог нь бас буруу. Жингээ хасна гээд шууд л давсаа хориглох нь ч буруу. Ингэснээрээ эрдсийн дутагдалд орж шөрмөс нь татдаг асуудлууд гардаг. Шөрмөс татах нь ерөнхийдөө ядарснаас болдог. Иймээс ядрахгүйн тулд өөртөө тохирсон зөв дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй.
-Дасгал хөдөлгөөн хийхээс хэдэн цагийн өмнө хооллосон байх ёстой вэ?
-Хүмүүс дасгал хийхээсээ өмнө буруу хооллож дасгалаа хийгээд шатаачихна гэж орж ирдэг. Харин эсрэгээрээ өнөөдөр хийж байгаа дасгал дээрээ шатаах биш нөөцлөөд үлдээчихдэг.Тиймээс бэлтгэлийн өмнө хурдан задардаг нүүр усыг бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Дасгал хийхээс 1:00-1:30 минутын өмнө хоолоо идчихсэн байх хэрэгтэй.
-Хурдан задардаг нүүрс усанд ямар хоол хүнс орох вэ?
-Хамгийн амархан хурдан задардаг нүүрс ус бол цагаан будаа шүү дээ. Бага зэргийн үхрийн махтай цагаан будаатай өөх тосгүй хоол идчихээд бэлтгэлдээ хүрээд ирвэл бэлтгэлээ ч сайн хийнэ, өөхөө ч гэсэн маш сайн шатааж булчингаа нэмж чадна.
-Танайх Спиннинг, фитнесс хосолсон үйлчилгээ нээгээд гурван жил өнгөрчээ. Спиннингийн талаар одоо мэдэхгүй хүн бараг байхгүй болж. Энэ спортоор хичээллэснээр хүний биед үзүүлэх ач холбогдлыг та хэлж өгөөч.
– Дасгал хөдөлгөөнийг хөгжмийн хэмнэлтэй хослуулан дугуйн дээр хийдэг спортын төрөл нь СПИННИНГ. Эргэлтэд дугуйн спорт илүүдэл жин хасахаас гадна амьдралын эрч хүчийг бэлэглэж, стресс тайлдаг.
Спиннингээр хичээллэхэд суларсан арьс булчингууд чангарахаас гадна зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, бодисын солилцоог хэвийн байлгах, дотор өөхлөлтийг шатаах, сахарын өвчнөөс урьдчилан сэргийлэх гэх мэт олон талын ач холбогдолтой.
-Нэг удаа спиннингийн дасгал хөдөлгөөн хийхэд нийт хэдэн калори шатаадаг вэ?
-Нэг удаа спиннингээр хичээллэхэд дасгал хийж байгаа хүнээсээ хамаарч 800-1200 калори шатаах боломжтой.
-Танай GOLDEN Spinning-ийн үйлчилгээг хэрхэн авч болох вэ?
-Манай GOLDEN Spinning-ийн нэг давуу тал нь үйлчлүүлэгчдийн цагийг зөв хуваарилах үүднээс цагийн олон сонголттой байгаа. “Голден жим фитнесс” клубын таван салбар бүгд GOLDEN Spinning зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлж байгаа болохоор өөрт ойрхон аль ч салбартаа очиж үйлчлүүлэх бүрэн боломжтой.
– Танай фитнесс клуб 2015 онд Чихрийн шижин өвчинтэй тэмцэх хөтөлбөрийг мэргэжлийн эмч нартай хамтран хэрэгжүүлсэн шүү дээ. Хэр үр дүнтэй байсан бэ?
-Миний ойлголтоор бол чихрийн шижин өвчин амьдралын буруу хэв маягаас үйлдэлтэй. Дасгал хөдөлгөөнтэй байвал чихрийн шижин өвчин тусахгүй гэдгийг ойлгуулах үүднээс манай “Голден жим ” фитнесс клуб одоогоос яг дөрвөн жилийн өмнө дасгал хөдөлгөөний тусламжтайгаар чихрийн шижин өвчинг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдэд тогтмол дасгал хөдөлгөөн хийсний ашиг тус болон амьдралын буруу хэв маяг болох буруу хооллолт, түүнээс үүдэлтэй илүүдэл жингээ хянаж чадсанаар чихрийн шижин өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой болохыг ойлгуулж чадсан.
-Мэргэжлийн эмч нартай хамтран “Өөх худалдаж авна ” хөтөлбөрийг мөн зохион байгуулж байсан. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьд ямар үр дүнд хүрч байсан бэ?
-2018 онд нэг кг өөхийг 50.000 мянган төгрөгөөр худалдаж авах “Өөх худалдаж авна ” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Тус хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн дунд бооцоотой уралдаан явуулахад цусан дахь сахарын хэмжээ нь 18 хувьтай байсан нэг ах сахарын хэмжээгээ найман хувь хүртэл бууруулж гуравдугаар байранд орж байсан.
-Цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Г.Нараа