Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга холбооны шинэ ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Ууганбаатарыг томиллоо.
Баасанжавын Ууганбаатар нь 1999 онд Их шавийн дээд сургуулийг багш-дасгалжуулагчийн мэргэжлээр төгсжээ.
Тэрээр 12 настайдаа хуучны Спорт сургалтын төвийн багш Дамбын Гансүхийн жүдо бөхийн секцэд хичээллэн, өсвөр, залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль авч байв. Мөн гавьяат тамирчин Д.Баатаржавын “Харцага” клубт 1989-1993 онд хичээллэж, 2000-2007 онд “Аварга” дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар ажиллаж байлаа.
Монгол, Лаосын Үндэсний олимпын хороодын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2007-2011 онд тус улсын шигшээ багийн дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж, Зүүн Өмнөд Азийн наадмын жүдогийн анхны мөнгө, хүрэл медалийг Лаос улсад авчирч байв.
Б.Ууганбаатар 2000 оноос шүүгчийн замналаа эхэлж, 2003 онд олон улсын шүүгчийн болзлыг ханган, “Инчён-2014” Азийн наадам, залуучуудын АШТ зэрэг хорь шахам олон улсын тэмцээнд ажилласан.
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Насантогтох, Г.Жадамба, Ц.Дамдин, Ц.Цэрэнпунцаг, М.Бөхбат нар өмнө нь ажиллаж байлаа гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.