Герман-Монголын уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хурал өчигдөр эхэллээ. Хурлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгал зэрэг гурван чиглэлээр хуралдаж байна.
Энэхүү хуралд Монгол, Германы төр болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцон саналаа солилцож байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн салбар хуралдаанд Германы CBM компанийн мэргэжилтэн Томас Траппе илтгэл тавьсан.
Түүний хэлснээр “Аюулгүй ажиллагааны менежмент нь сүүлийн 30 жилийн хугацаанд Германы компаниудын тэргүүлэх зэргийн чухал ажил болсон. Аюулгүй ажиллагааг тухайн уул уурхайн компанид хэвшүүлэхэд технологи, зохион байгуулалт, соёл-зан харилцаа гэсэн гурван хүчин зүйл голлох суурь нь болдог” гэдгийг хэлсэн юм. Харин Монголын тухайд зөвхөн эхний шат болох аюулгүй ажиллагаанд шаардлагатай технологийг нэвтрүүлэх үе шатны босгыг давчихаад буй.
Харин ажилчдаа тэдгээр технологийг аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллуулахад сургаж бэлтгэх, туршлагажуулах тал сулхан байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
эх сурвалж: өглөөний сонин