Г.Амардэлгэр: Нөхрөөсөө хүүхдийн тэтгэмжийн адилаар сургалтын төлбөр эмчилгээний зардлын 50 хувийг шүүхээр тогтоолгон авах боломжтой

Өвөрхангай аймаг дахь “Ancestor’s wisdom ” төвийн төсөл хөтөлбөрийн удирдагч хуулийн зөвлөх Гомбосүрэнгийн Амардэлгэртэй ярилцлаа. Тэрээр хүний эрх хамгаалах болон хууль сахиулах салбар, иргэний нийгмийн байгууллагад 13 жил ажилласан эмэгтэйчүүдийн болон хүүхэд зорилтот бүлгийн эрхийг хамгаалах чиглэлээр нарийн мэргэжсэн эрх зүйч, хуульч, судлаач юм.

Томчууд таарч тохирохгүй саллаа гэхэд гэр бүл салалтын хохирогч нь хэзээд хүүхэд болдог?

-Ер нь гэр бүл салалтын тухайд ярьвал салалт бүр өөр өөр шалтгаан, нөхцөлтэй. Үнэхээр хүнд хэлбэрийн хүчирхийлэл дунд тэвчишгүй харгислал дундаас ангижрахын тулд гэр бүлээ цуцлах нь зөв. Харин хоорондын үл ойлголцол.бусад хэлбэрийн шалтгаанаар гэр бүл салаад байгаа нь үнэн хэрэгтээ хүүхэд гэдэг ямар ч гэм буруугүй хүн шууд хохирогч болдогийг үргэлж санах ёстой. Одоогийн залуус хэтэрхий материаллаг хэлбэрт шилжээд гэрт нь хэдхэн жилийн дараа эх орныг тань хаашаа нь залуурдахыг шийдэх үнэт баялаг өмч өндийж буйг ухамсарлаж, санадаггүй юм шиг санагддаг. Томчууд зөвхөн өөр дээр л акцент өгчихдөг.Аав ээж болох амаргүй нь ойлгомжтой. Хүнээр хүн хийнэ гэдэг маш хэцүү гэж ухаалаг ардын үг бий. Ядаж л эцэг эх хүүхдийнхээ дэргэд зүй бус үйлдэл гаргахгүй. хоорондоо хэрүүл хийх, архи уух.тамхи татахгүй ,хүн муулахгүй байхыг эрхэм болгож эцэг эхийн үндсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой .Гэр бүл салалтын дараагийн шалтгаан бол гуравдагч этгээд тухайн гэр бүлийн харилцаанд оролцогч болдогтой холбоотой.Нууц амраг, хадмууд болон бусад гэх мэт залруулж болохуйц нөхцөл байдал ч гэр бүлийн харилцаанд үл ойлголцолд хүргэх нь бий. Гэр бүлийн гишүүд нээлттэй ухаалгаар ярилцах л хамгийн зөв гарц даа.

Хүүхдийн тэтгэмжийг яаж тогтоодог вэ, амьжиргааны түвшингээс хамаарч янз бүр байдаг гэсэн. Энэ талаар тодруулж яривал?

-Шүүх хүүхдийн тэтгэмжийг тогтооно. Одоогоор амьжиргааны төвшин харгалзан тэтгэмж тогтоохгүй, улсын хэмжээгээр нэг хэмжээтэйгээр тогтоож байгаа. Бүс нутгийн онцлогоос хамаарч жаахан өөрөөр тогтоодог. Өвөрхангай аймагт гэхэд ойролцоогоор 11 наснаас дээш хүүхэд сард 194300 төгрөгийн тэтгэмж авах ёстой.

-Хүүхдийг нь төрүүлчихсэн, салсны дараа хүүхдийн тэтгэмж авдаггүй, хаана хэнд хандаж хөөцөлдөх учраа мэдэхгүй яваад байдаг ээжүүд зөндөө бий. Тэдэнд та бүгдийн зөвлөгөө хэрэгтэй байдаг?

-Маш хэрэгтэй асуулт байна. Яг ийм олон эмэгтэйчүүд яах учраа олохгүй хэнд хандахаа мэдэхгүй ганц бие өрх толгойлон хүүхдүүдээ өсгөж байгаа. Манай аймгийн хэмжээнд 1800 гаруй эмэгтэй өрх толгойлж амьдралын бүх ачааллыг үүрч байгаа. Аймгийн хэмжээнд шүүхээр гэрлэлт цуцлуулсан гэр бүлийн 92,5 хувь нь ээжүүд нь хүүхдүүдээ асран хамгаалж байна. Манай “Ancestor’s wisdom” хүний эрхийн хамгаалах байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд яг ийм эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудалд анхаарал хандуулж байгаа. Төслийн хүрээнд сайн дурынхан үнэ төлбөргүйгээр хүмүүст зөвлөгөө хууль эрх зүйн туслалцаа үйлчилгээг үзүүлж байгаа.

Ийм тохиолдолд өөрийн оршин суудаг газрын харьяа Иргэний шүүхэд нэхэмжлэлээ гаргаарай. Өргөдөл гэрлэлтийн баталгаа хүүхдүүдийн зохих нотлох баримтууд бүрдүүлнэ. Жишээ нь эрүүл мэндийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг энгийн баримтууд бүрдүүлдэг. Харин амьжиргааны төвшин бага бол Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боломжтойг үүгээр дамжуулан мэдээлж байна.

Хүүхдийн тэтгэмж шүүхээр тогтоогоод төлөхгүй байгаа бол төлөгдөөгүй 3 сараас хэтэрсэн бол Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авдаг шинэ зохицуулалт бий. 100 хүртэлх мянган төгрөгөөр торгох зэрэг.

Мөн хүүхдийн тэтгэмжийн адилаар сургалтын төлбөр эмчилгээний зардлын 50 хувийг шүүхээр тогтоолгох боломж байдгийг ашиглах хэрэгтэй.

Гэрлэлтийн баталгаагүй ээжүүд хүүхдийн тэтгэж авах боломжтой юу?

-Гэрлэлтийн баталгаатай эсэх нь хүүхдийг тэтгэмж шүүхээр тогтоолгоход хамааралгүй Эцэг тогтоож тэтгэмжийг нэгэн адил тогтооно.

-Нөхөртөө зодуулдаг, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хэр нь хүнд хэлж ярихгүй яваад байдаг бүсгүйчүүд цөөнгүй. Хүний эрхийн байгууллагуудын зүгээс тэдэнд ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Амьдрал маш богинохон аав ээж тань хэн нэгэн эрийн, этгээдийн гарын зугаа болохын тулд таныг төрүүлж өсгөөгүй байтал яагаад түүнийг тэвчин суух билээ. Зарим эмэгтэйчүүд хүүхдүүдээ бодоод, тэднийгээ эцэгтэй нь өсгөх гээд гэх зэрэг шалтгаан хэлж олон жил цаг хугацааг тэвчиж өнгөрөөсөн байдаг. Энэ нь маш буруу. Нэгдүгээрт танд эрүүл мэнд болон сэтгэл зүйд хүнд хохирол учирдаг. Та ганцхан биетэй, өөрөөр хэлбэл таньд нөөц бие байхгүй шүү дээ. Цаг хугацааг алдсаны хойно юугаар ч нөхөөд тэр бие урьдын адил болохгүй. Та эх хүний хувьд хүүхдийнхээ өмнө эрүүл байх үүрэгтэй.Хоёрдугаарт, хүчирхийлэл хүчирхийлэл ээ төрүүлдэг. Муухай зүйл харж өссөн эрэгтэй хүүхэд байх л ёстой зүйл мэтээр хүлээж авдаг бол эмэгтэй хүүхэд муухай зүйлийг тэвчээд үлдэх ёстой мэтээр тархинд нь шууд суудаг учраас хүүхдийн бяцхан тархийг зөвхөн хайраар л бялхуулаарай. Хэрэв та хүчирхийлэлд өртөж, хүсээгүй зүйл өөрт чинь тохиолдох бүрт ядаж Цагдаагийн 102 дугаарт залгаж байгаарай. Тус дугаар руу залгаад “Пицца захиалая” гээд хаяг дугаараа хэлээрэй. Тэд ойлгох болно. Таныг хамгаалах болно.

Хүчирхийлэл зөвхөн гэр бүлийн хүрээнд бус ажлын байранд бэлгийн бус байдлаар илэрдэг болсон. Жишээ нь нэгэн хууль сахиулах байгууллагын нэгжийн дарга эмэгтэй албан хаагчаа дүрэмт хувцасны өмдийг индүүдэж өгөөгүйн төлөө зүй бус авирласан тохиолдол саяхан гарсан. Мөн цэцэрлэгийн хүүхдийг сахилгагүйтлээ гээд сандалтай нь скочоор бэхлэсэн байсан зэрэг маш ноцтой хүчирхийлэл нийгэмд үйлдэгсээр л байна. Хүчирхийллийг хаа, хаанаа тэвчих, өнгөрөөж өөгшүүлэх ёсгүйг ойлгох хэрэгтэй.

-Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн далд хэлбэрээр оршдог, хүчирхийллийн хохирогчид цагдаагийн байгууллагад хандлаа ч хэсэг хугацааны дараа эргээд л улам их хүчирхийлэл, занааст орохоос эмээдэг тал байдаг?

-Хүчирхийлэгчид албадан ажил хийлгүүлэх, баривчлах, хорих зэрэг хариуцлага хүлээх санкци манай улсын хуулинд бий.

Эдгээр арга хэмжээ нь Монгол хүний онцлогт нийцсэн гэж дүгнээд байна. Байнга архи ууж гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж байсан нэг товариш тодорхой хариуцлага хүлээгээд ирэхээр. өөрийгөө хянах чадвар эзэмшээд өөрчлөгдөөд шал өөр шинэ ухаалаг өрхийн тэргүүн болсон маш олон сайхан жишээ бодит амьдрал дээр байна. Иймд Оюун ухаант хүмүүс та бүхэн үргэлж гэр бүлээ хайрлаж хамгаалж үнэ цэнэтэй ухаалаг байгаарай гэж хүсье.

Эмэгтэйчүүдийн эрхийн талаар яриагаа үргэлжлүүлье. Өвөрхангай аймгийн хувьд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх тал дээр нөхцөл байдал ямар байна?

-Миний бодлоор манай аймагт оюуны өндөр чадвартай эрдэмтэн мэргэд, энгийн хэрнээ шийдвэр гаргаж төвшинд баланс барьж чадах шударга эмэгтэйчүүд олон бий. Гэвч тэд хэтэрхий амбийцтай залуустай өрсөлдөх огт сонирхолгүй байдаг болохоор тэр бүр эмэгтэйчүүдийн дуу хоолой болон хүч түрэн гарч ирэхгүй байгаа юм болов уу.Зарим үед хүний эрх ярих маш хэцүү Албан тушаалтан эрх ямбатны дургүйцэл түрэмгийлэлд ч автана. Гэхдээ зарчмын хувьд ойлголцолд хүрч чадах нь бидний хамгийн чухал үр дүн. Ажлын байр, жендерийн тэгш бус байдал, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай шударга бус хөндөх сэдэв байна. Хамгийн эхний алхам бол эмэгтэйчүүдийг хувь хүнээр нь хөгжүүлэх, өөрийгөө хамгаалах дархлаатай болгох асуудалд анхаарах хэрэгтэй байна.ер нь хүний эрхийг хамгаалагч шударга зоригтой тэвчээртэй байхыг шаардаг.

“Ancestor’s wisdom ” төвийн талаар сонирхмоор байна. Өмнө нь ямар ажлууд хийсэн, мөн цаашдын төлөвлөгөө гээд?

-Манай байгууллага нь 2013 оноос зорилтот бүлгийн иргэдэд зориулсан арга хэмжээг өөрийн аймагтаа жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Хэдэн тоо дурдахад 25 иргэнд 42000,0 төгрөгний нөхөн олговор гаргуулж, хоёр иргэний амьдрах нөхцөлийг сайжруулж, 800 гаруй зорилтот бүлгийн хүүхдүүдтэй ажиллаад байна. Мөн 250 гаруй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлжээ. Эдгээр сайн дурын арга хэмжээнд өөрийн хүсэл санаачлагчаар маш идэвхтэй оролцдог, аль нэг нам эвсэл бүлэг гэж хуваагдахгүй хамтран чин сэтгэлээсээ хамран ажилладаг алсын хараатай ухаалаг залуус манайд олон бий. Зорилтот бүлгийн хүүхдэд гарын бэлэг өгч байгаад зургаа даруулж сошлд тавих гээд амбийцлах нэгэн байхад маш хүнд өвчтэй эмэгтэйд шударга хөдөлмөрлөж хуримтлуулж олсон мөнгөнөөс нэлээд их хэмжээний тусламж өгчихөөд бидний нэрийг битгий зарлаарай гээд хүсдэг эгэл даруухан агуу гэр бүл ч байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр төрөөс халамжийн тэтгэвэр олгодгийг бид мэднэ. Гэтэл тэр жаахан мөнгийг нь иргэдийн эрх зүйн мэдлэггүйг далимдуулан сарын 10-20%, жилийн 120-240 хүүтэй барьцаалан зээл олгосон бүлэг байна. Бид энэ асуудал дээр стратигийн өмгөөлөл явуулна. Мөн өөрийн уламжлал болгон хэрэгжүүлдэг үйл ажиллагаагаа явуулсаар л байх болно.Бидний нэг онцлог бол зорилтот бүлгийн эмзэг сэдвээр шоу хийгчидээс зайлс хийдэг.


.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …