Дэлхийн цэргийн наадамд 82 тамирчин өрсөлдөж байна

БНХАУ-ын У Хань хотод Дэлхийн цэргийн спортын зуны 7 дугаар их наадам зохион байгуулагдаж байна. Тус наадамд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан “Алдар” спорт хорооны 82 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэдэнтэй уулзаж, У Хань хотын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж амжилт гаргахыг хүслээ.

Уг наадамд 109 орны 9300 гаруй тамирчин оролцож байна. Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/ нь 140 орныг эгнээндээ нэгтгэсэн спортын хүчирхэг холбоодын нэг бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, энх тайвныг тогтоох уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Тус холбоонд Монгол Улсын Зэвсэгт хүчин 1992 онд элссэн бөгөөд 1995 онд Итали улсын Ром хотод болсон анхны “Дэлхийн цэргийн спортын наадам”-д оролцож, мөнгөн медаль хүртэж байв. Улмаар 2012 онд гишүүнчлэлээ дахин сэргээснээс хойш тус холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд тогтмол оролцож байна. 2015 онд БНСУ-д зохиогдсон Дэлхийн цэргийн спортын 6 дугаар их наадамд Зэвсэгт хүчний шигшээ баг спортын найман /буудлага, бокс, байт харваа, дугуй, чөлөөт бөх, жудо бөх, хөнгөн атлетик, таеквондо/ төрлөөр амжилттай оролцож, 24 медаль хүртэж, 117 орноос медалийнхаа чанараар 16 дугаар байрт шалгарсан өндөр амжилтыг үзүүлсэн юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …